Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын Техас мужийн хотын захирагч “хүчтэй нь амьд үлдэнэ” гэж мэдэгдсэнийхээ төлөө огцров

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын өмнөд мужуудыг хүйтэн агаарын урсгал нөмөрч, их хэмжээний цас орсноос олон сая хүн гурав дахь өдрөө гэрэл цахилгаангүй амьдарч байгаа билээ.

Зөөлөн дулаан уур амьсгалтай эдгээр мужуудад нийтдээ 20 гаруй хүн хүйтэн цаг агаарт зохицож чадаагүйн улмаас амиа алдаад байна. Хямралд хамгийн хүнд нэрвэгдсэн Техас мужид 10 хүн нас барсны зарим нь дулаацахын тулд автомашиндаа хоносноос угаартаж, зарим нь гэр дотроо гал түлэхдээ түймэр тавьснаас болж амиа алджээ.

Өчигдөр тус мужийн Колорадо хотын дарга фэйсбүүк хуудсандаа бичсэн ууртай мэдэгдлийнхээ төлөө огцрох шийдвэр гаргасан байна.

Оршин суугчдынхаа тусламж гуйсан хүсэлтэд дарагдсан захирагч Тим Боид “Хотын захиргаа, засгийн газар та нарт ямар ч өргүй. Живэх үү, сэлэх үү гэдэг нь та нарын сонголт. Зөвхөн хүчтэй нь үлдэж, дорой нь устдаг хорвоо” гэж бичжээ.

Тэрбээр үүсээд байгаа нөхцөл байдлыг социалист засгийн газрын буруу бодлогын үр дүн гэж хэлээд “хэн ч та нарыг аврахгүй тул хайрцагнаас гарч сэтгэцгээ” хэмээн оршин суугчдадаа зөвлөсөн байна.

Удалгүй хотын захирагч Фэйсбүүк хуудсандаа дахин мэдэгдэл хийхдээ “Би зөвхөн арчаагүй залхуу хүмүүст хандаж өмнөх мэдэгдлээ бичсэн. Тусламж зайлшгүй шаардлагатай эмзэг бүлгийн хүмүүсийг гомдоох санаа надад байгаагүй” гэж бичээд оршин суугчдаасаа уучлал гуйжээ.

Улмаар тэр албан тушаалаасаа огцорч байгаагаа энэ үеэр мэдэгдсэн байна.

Өмнөд мужуудад жилийн турш хүйтэрдэггүй тул иргэдийн орон сууцнууд дулаалгагүй, цахилгаанаас өөр халаалтгүй байдаг нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байгаа юм.

Орон нутгийн засаг захиргаа, эрчим хүчний компаниуд иргэдийн цахилгаан хангамжийг богино хугацаанд сэргээж чадалгүй удаасан хэмээн шүүмжлүүлж байна.

 

Эх сурвалж: BBC