Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

Японы эрх баригч нам “чимээгүй суух” нөхцөлтэйгээр эмэгтэйчүүдийг хуралдаа оролцуулна

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 2 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Зургийн төвд Либерал Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Тошихиро Никай

Өнгөрсөн долоо хоногт Токио 2020 зуны олимпын наадмын зохион байгуулах хорооны дарга эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхсан үг хэлснийхээ төлөө огцорсон билээ.

Ерөнхий сайд асан, 83 настай Ёширо Мори хорооныхоо хурлын үеэр эмэгтэйчүүд хэт нуршуу ярьдаг нь ажилд саад болдог гэж шүүмжилсэн юм. Олон нийтийн шаардлагыг эхэндээ эсэргүүцэж байсан Мори хэсэг хугацааны дараа албан тушаалаасаа огцорч байв.

Тэгвэл Японы эрх баригч Либерал Ардчилсан намын 82 настай ерөнхий нарийн бичгийн дарга Тошихиро Никай өчигдөр тус намын гол шийдвэр гаргах хуралд эмэгтэйчүүдийг нэмж оролцуулах болсноо мэдэгджээ.

Тус намын шийдвэр гаргах үйл явцад эрчүүд голдуу оролцдог гэсэн шүүмжлэл гарах болсноос ийм арга хэмжээ авч байгаагаа тэр тайлбарласан байна.

Ингэхдээ парламентын гишүүн таван эмэгтэйг намынхаа хуралд оролцохыг зөвшөөрөхөөр болсон байна. Гэхдээ тэд зөвхөн ажиглагчийн байр сууринаас оролцох бөгөөд хурлын үеэр үг хэлэхгүй байх ёстой ажээ.

Харин саналаа хурлаас гадуур нарийн бичгийн даргын албанд гаргах эрхтэй байхаар журамласан байна.

Эмэгтэй улс төрчдийн хувьд хамгийн гол нь хурлын үеэр ямар асуудлыг хэлэлцэж, шийдвэр яаж гардгийг харж, ойлгох нь чухал болохыг Никай дарга өчигдөр орой болсон хэвлэлийн хурлын үеэр тайлбарласан байна.

Япон улс нь эрчүүд давамгайлсан нийгэмтэйгээрээ дэлхийд алдартай.

2020 онд Дэлхийн Эдийн Засгийн Чуулганаас гаргасан хүйсийн тэгш байдлын тайланд Япон улс дэлхийн 153 орноос 121 дүгээрт жагссан юм.

 

Эх сурвалж: Reuters