Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

Өрхийн сарын дундаж мөнгөн орлого өнгөрсөн оны IV улиралд ₮1.3 сая болж, өмнөх оны мөн үеэс ₮59 мянгаар өсжээ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 2 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2020 оны дөрөвдүгээр улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого 1.4 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 49.5 (3.6%) мянган төгрөгөөр өсөж, өмнөх улирлаас 88.1 (5.8%) мянган төгрөгөөр буурсаныг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. 

Нэг өрхийн сарын дундаж (үнийн нөлөөллийг арилган тооцсон) бодит нийт орлогын хэмжээ 2020 оны дөрөвдүгээр улиралд 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 14.3 (1.3%) мянган төгрөгөөр өсжээ. Үүнд

  • Цалин хөлсний бодит орлого 9.0 (1.6%) мянган төгрөгөөр,
  • Тэтгэвэр, тэтгэмжийн бодит орлого 63.9 (33.9%) мянган төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн аж. 

Харин өрхийн сарын дундаж бодит нийт орлогын хэмжээ өмнөх улирлаас 75.6 (6.2%) мянган төгрөгөөр буурсан байна. 

Зураг 16. Нэг өрхийн сарын дундаж нийт орлого, мянган төгрөгөөр

 
ҮСХ

Өрхийн сарын дундаж мөнгөн орлогыг бүтцээр нь авч үзвэл: 

  • Цалин хөлсний орлого 54 хувь,
  • Тэтгэвэр, тэтгэмжийн орлого 23.9 хувь,
  • Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 7.6 хувь,
  • Хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 5.6 хувь,
  • Бусад орлого 8.9 хувийг тус тус эзэлж байна.

Өрхийн сарын дундаж мөнгөн орлого өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 58.8 (4.7%) мянган төгрөгөөр өсжээ. Үүнд, 

  • Цалин хөлсний орлого 27.1 (3.9%) мянган төгрөгөөр,
  • Тэтгэвэр, тэтгэмжийн орлого 85.1 (36.9%) мянган төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн аж. 

Улсын хэмжээнд 2020 оны дөрөвдүгээр улирлын байдлаар сард 500 мянган төгрөг хүртэлх мөнгөн орлоготой өрхийн дундаж орлогын бүтцийг авч үзвэл

  • Цалин хөлсний орлого 12.8 хувь,
  • Тэтгэвэр, тэтгэмжийн орлого 62.7 хувь,
  • Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 12.4 хувь,
  • Хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 2.6 хувь,
  • Бусад орлого 9.5 хувийг эзэлж байгаа аж. 

Өрх: Ганц бие болон нэг орон байранд хамт амьдардаг, нэгдмэл төсөвтэй, хүнс, амьдралын наад захын хэрэгцээгээ хамтран хангадаг хэсэг бүлэг хүмүүсийг хэлнэ. Өрхийн гишүүд нь хоорондоо ураг төрлийн холбоотой, хамаатан садан, зарим гишүүд нь огт хамааралгүй, эсвэл эдгээрийн аль алинаас бүрдсэн байж болно.

Нэг өрхийн сарын дундаж орлого, зарлага: Өрхийн нийт орлого (зарлага)-ыг өрхийн мөнгөн орлого (зарлага) дээр өрхийн өөрийн аж ахуйгаас бэлтгэж хэрэглэсэн болон бусдаас үнэгүй авч хэрэглэсэн зүйлийн мөнгөн дүнг нэмж тодорхойлно. Нэг өрхөд ногдох дундаж үзүүлэлтийг тухайн улиралд судалгаанд хамрагдсан өрхүүдийн сүүлийн 12 сарын орлого, зарлагыг сард шилжүүлэн нийт өрхөд тархаан тооцдог. Нэг өрхөд ногдох сарын дундаж орлого, зарлагыг тооцохдоо цалин хөлсний орлого болон хүнсний хэрэглээний зардлаас бусад төрлийн орлого, зарлагын сүүлийн 12 сарын дунджаар тооцов.