2021/07/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.14₮
B30
УЛААНБААТАР
25°
|
15°
B30
УЛААНБААТАР
22°
|
14°
B30
УЛААНБААТАР
23°
|
13°
17:00
S26
20°
18:00
S26
20°
19:00
S26
20°
20:00
S26
19°
21:00
S26
18°
22:00
S26
17°
23:00
S26
16°
00:00
S26
16°
01:00
S26
16°
02:00
S26
15°
03:00
S26
15°
04:00
S26
14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/17 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хувийн сургуулиудын хувьсах зардлын таналт эргээд ээж, аав, төрийн нуруун дээр бууна

Өдрийн сонин
2021 оны 2 сарын 17
Өдрийн сонин
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шинэхэн Ерөнхий сайдтай хийсэн IT салбарынхны уулзалт дээр бизнес эрхлэгч залуугийн төр оролцох тусмаа асуудлыг хүндрүүлдэг гэсэн яриа олон хүний загатнасан газар маажих шиг болсон.

Угаасаа төр муу менежер гэж хэдийнээс яригддаг ч сүүлийн үед төр оролцож байж асуудал шийдэх тухай ойлголт газар авсныг олон улсын зах зээлд гарахаар том зорилготой яваа шинэ үеийн төлөөлөл ийнхүү шуудхан илчилж орхисон юм. Үнэхээр төрийн оролцоо хаана байх уу, хэрхэн ямар оролцоо дэмжлэгтэй байх вэ гэдэг бас яригдах л асуудал.

Сүүлийн үед анзаараад байхад боловсролын салбар, тэр дундаа хувийн сургуулиудын зах зээлийн жам ёсны хөгжилд ямар нэг байдлаар оролцох хандлага ихээхэн анзаарагдах болсон. Ялангуяа сүүлийн өдрүүдэд олон нийтийн дунд өрнөөд буй Боловсролын будаг нь ханхалсан сайдын мэдэгдэл үүнийг тодхон харуулж байна. Сүүлийн үед улстөрчдийн поп мэдэгдлүүдэд ер ажрахаа байсан ч гэсэн эрэлт нийлүүлэлтийн шударга тогтолцоог мэдэхийн дээдээр мэддэг байж болох, харьцангуй эрүүл үзэл санаатай Л.Энх-Амгалан сайдын сошиал хувийн орон зайндаа мэдэгдсэн мэдэгдэл олон нийтийг талцуулаад орхилоо. Мэдээж, учрыг нарийн тунгаалгүй хөөрөгддөг хар масст бол таалагдсан байх, гэхдээ бас ултай суурьтай ярьдаг улсууд өөрөөр харж байна. Өндөр төлбөртэй хувийн сургуулиудад улсаас өгдөг хувьсах зардлыг өгөхгүй гээд гэнэт мэдэгдсэн. Тэр троллуудаас чинь айхгүй шүү гэж тодотгож байгаад жиргэсэн.

Манайд хувийн 168 сургуульд 46,783 хүүхэд суралцдаг. Нийслэл хотод арван саяас дээш төлбөртэй ердөө 8 сургууль байдаг бол 5-12 сая төгрөгийн төлбөртэй 12 сургууль, 5 хүртэлх сая төгрөгийн төлбөртэй 106 сургууль байгаа юм байна.

Нөгөө арван саяас дээш төлбөртэй сургуульд нэг хүүхдэд хувьсах зардал гэж 86-137 мянган төгрөгийг жилд өгдөг юм байна. 5-10 сая төгрөгийн төлбөртэйд нь 173 мянгаас 275 мянгыг харин 5 хүртэлх сая төгрөгийн төлбөртэй 106 сургуулийн сурагчдад 288 мянгаас 459,000 төгрөг.

Гэхдээ үүнд нэг ойлголтыг нэг мөр болгох ёстой. Хувьсах зардал бол хувийн сургуулийг дэмжиж өгч байгаа хэрэг бус харин Үндсэн хуульд заасан хүн бүрийн боловсролыг олж авах эрхтэй холбогдох асуудал юм шүү дээ. Монгол Улс Үндсэн хуулиндаа тусгасны дагуу зургаан настайгаас 18 нас хүртэлх хүн бүртээ боловсрол үнэгүй олгох тодорхой төсөвтэй, улсын биш хувийн сургуульд суралцаж байгаа хүүхдүүдэд тэр төсвөөсөө тодорхой хувийг гаргадаг.

Эрүүл мэндийн салбарт хүүхэд улсын эмнэлэг, хувийн эмнэлэгт үзүүлэхээс үл хамааран улсын нийгмийн даатгалын сангаас төлдөг зардалтай яг ижилхэн. Ийм л ойлголт болохоос хувийн сургуулиудын бизнесийг дэмжиж өгдөг байсан мөнгө биш. Угаасаа энэ хувьсах зардлыг өгөхөө болилоо гэхэд эцэг эхчүүдийн төлдөг сургуулийн төлбөр л нэмэгдэж дунд давхаргынханд хүнд цохилт болно. Ээж аавуудын халаасанд мэдрэгдэнэ. Улсад ирэх дарамт нэмэгдэнэ.

Энгийн хэдэн тоо бодъё л доо. Хувийн сургуулиудын хувьсах зардлыг “мэргэн” шийдвэр гаргаад өгөхөө болилоо гэхэд хувийн сургуулиуд төлбөрөө л нэмнэ, яаж ийгээд хүүхдэдээ дориун боловсрол олгохоор шийдсэн ээж, аавууд бүсээ чангална, үнэхээр хичээгээд барахгүй нь хүүхдээ сургуулиас нь гаргана. Тэр хүүхдүүд улсын сургуульд очно.

Угаасаа бүрэн дунд боловсролыг үнэ төлбөргүй олгох ёстой учраас тэр хүүхдүүдэд өгөх хувьсах зардал төсвөөс гардгаараа гарна, гэхдээ нэмэгдэнэ. Хувийн сургуулиудад хувьсах зардал гээд нэг хүүхдэд 150-200 мянган төгрөгөөр аргалчихдаг байсан бол улсын сургуулийн хүүхдэд 1.8-2.0 сая төгрөгийг гаргана. Хэмнэх гээд байгаа төсөв нь бүр хүндэрнэ. Хувийн сургуульд сурч буй нийт хүүхдийн 10 хувь буюу 5,000 орчим хүүхэд улсын сургууль руу шилжихэд л улсын төсөв 10 гаран тэрбум төгрөгөөр нэмэгднэ.

Улсын сургуульд нэг ангид 40-50-иараа сурдаг байсан нь 50-60 болж нэмэгдэнэ. Ердөө ийм зураглал харагдаж байна. Л.Энх-Амгалан сайдын мэдэгдлийн дараа боловсролын салбарт ажилладаг олон хүмүүс байр сууриа илэрхийлэхдээ энэ бүгдийг онцолсон байна лээ. Шинэ Монгол сургуулийн үүсгэн байгуулагч Ж.Галбадрах захирал “Хувьсах зардлыг хасвал хувийн сургуулиуд эхнээсээ хаалгаа барьж, улсын сургуулийн ачаалал нэмэгдэнэ” гэсэн нь угаасаа үнэн. Тэр ч байтугай хувийн сургуулиуд үүдээ хаавал юу болох вэ.

Хувийн сургуулиудад хувьсах зардал гээд нэг хүүхдэд 150-200 мянган төгрөгөөр аргалчихдаг байсан бол улсын сургуулийн хүүхдэд 1.8-2.0 сая төгрөгийг гаргана.

Сайдын мэдэгдлийн дараа “Оюунлаг” сургуулийн үүсгэн байгуулагч Д.Батсайхан захирал өөрийн сошиал хуудсандаа “...Ойрын 18-20 жилдээ улсын сургуулийн сургалтын чанар хүртээмж өгөөж сайжрах боломжгүй гэдгийг олон улсын OECD education дүгнэсэн” гэдгийг сануулсан байсан. Яагаад төр нь хувийн сургуулиудыг боловсролын салбарын ачааг хөнгөлж, хамтдаа нэг тэргэнд зүтгэж яваа гэж харахаасаа өрсөлдөгчөө гэж хараад байдаг юм бэ. Сая нэг хэсэг цар тахлын үеэр төлбөрөө хэдэн хувиар хасахаа мэдэгд гээд шахаад л байсан.

Боловсролын салбарт төр бодлогоор дэмжлэг үзүүлэх нь зүй ч, хувийн сургуулиудын төлбөрийг зохицуулж, хэд хүртэл хувиар бууруулах шаардлага тавих нь эргээд энэ салбарт буух хор хөнөөл нь хэдэн хувийн хямдралаас илүү сөрөг нөлөөтэй юм. Мэдээж цар тахлын үед бүх хүмүүст ямар нэгэн байдлаар санхүүгийн хямрал гарч, элдэв хямдрал бонусыг хүсч байгаа ч бид том зургаа харж боловсролын салбартаа хохирол учруулж, хүүхдүүдийнхээ ирээдүйн том боломжоос хугаслахгүй байх сэтгэлгээтэй болмоор байна. Манайд нэг зүйлд туйлшрахаараа хэтийддэг алдаа их бий.

Боловсролын тэгш хүртээмжийн асуудал буюу дэд бүтцийн асуудал, улсын сургуулиудын чанарыг дээшлүүлэх асуудал бидэнд байгаа болохоос боломжийн амжилтад хүрсэн хувийн сургуулиудыг адлах, поп улс төрөөр хар массын золиос болгох, зах зээлийн эрэлтээрээ өсч хөгжиж явах боломжийг хаах гэж оролдох нь эргээд боловсролын салбартаа маш том хөнөөлтэй.

Монголд хувийн дунд сургуулиуд нээгдэж, их дээд сургуулиуд төлбөртэй болсонд дадаж амжаагүй монголчуудын сэтгэлгээнд бүрэн дунд боловсролыг мөнгө төлж авах нь гэсэн ойлголт чанга байсан. Гэвч чанартай боловсролыг хүүхдэдээ олгох зах зээлийнхээ эрэлтэд нийцэж байсан юм.

Хэрэв хэрэгцээ байгаа бол нийлүүлэлт байдаг тэр л зарчмаар явж ирсэн. Гэхдээ энэ салбарын нийлүүлэлт бол бусад ямар ч бизнесийн байгууллагаас ялгаатай нь үр шим нь Монголын нийгмийг бүрдүүлэх шинэ үеийн хүмүүст, Монгол улсын ирээдүйд ирдгээрээ чухал ач холбогдолтой. Сүүлийн үед бүгдийг ижилсүүлэх,хуучнаар адил тэгш байлгах коммунчлах үзэл хавтгайрах болов.

“Хувийн сургуульд нь хүүхдээ өгч чадахгүй бол бусдын хүүхэд ч бүү сураг” гэсэн шиг. Тэр ч байтугай дэлхийд хувийн сургуулиудыг хаах хандлагатай байгаа гэх үндэслэлгүй юм ярьж Солонгос улсыг жишээ авч хувийн сургуулиудыг хааж байна, манайд ч тэгэх хэрэгтэй гэсэн цэцэрхэгчид гарч ирэв.

Миний хүүхэд сурдаггүй бол гэхээсээ миний Монголын ирээдүй илүү гэрэлтэй байж, жаахан илүү сурсан бол бусдадаа зааж, чиглүүлж, өрсөлдөх урам зориг нь болж, эргээд Монголын ирээдүй улам өнгөлөг байх нь гэж харж болдоггүй гэж үү. Тэгээд ч жишиг болж яриад байгаа БНСУ-д жам ёсны хөгжлөөрөө явж байгаа хувийн сургуулиудад төр хуруугаа ч хүргэх бодол үгүй байна.

Сүүлийн үед бүгдийг ижилсүүлэх, хуучнаар адил тэгш байлгах коммунчлах үзэл хавтгайрах болов.

Солонгосын боловсролын системийгсудлаад үзэхэд дээрх яригдсан зүйл ор үндэсгүй юм билээ. Солонгост 1-9-р ангийн хүүхдүүд улсын болоод хувийн сургуульд сонгоод сурах боломжтой бөгөөд ахлах ангидаа хувийн хэвшлийн болон улсын автономит ахлах сургууль /autonomous high school/, тусгай хөтөлбөртэй, гадаад хэл, байгалийн шинжлэх ухаан, соёл урлаг зэргээр гүнзгийрсэн ахлах сургууль /special purpose high school/, хувийн олон улсын сургуулиуд / international school/ болон стандарт ахлах сургууль / standart high school /-ийн аль нэгэнд сонголтоороо үргэлжлүүлэн суралцана.

Стандарт ахлах сургууль нь манайхаар улсын сургууль. Харин автономит сургууль нь улсынх болоод хувийнх байдаг. Автономит ахлах сургуулиуд нь сургалтын хөтөлбөр, төлбөр, ажиллах хүчний сонголт, цалин хөлсийг тогтоох зэрэгт харьцангуй биедааж өөрсдөө мэдэж шийдвэрлэдэгээрээ онцлогтой.

Автономит сургуулиуд хөтөлбөрөө шахаж, хүүхдүүдийг бэлтгэдэг бөгөөд эдгээр сургуулиас төгссөн хүүхдүүд солонгосын топ их сургуулиуд болох Сөүлийн Үндэсний Их Сургууль, Кореа Их Сургууль, Йонсей Их Сургуулиудад голлон элсэн ордог. Тиймдээ ч “элит” сургуулиуд гэж нэрлэгдсэн болохоос өмчийн хэлбэрээсээ, үнэ төлбөрөөсөө шалтгаалсан юм байхгүй.

Зөвхөн автономит ахлах сургуулиудаа 2025 онд стандарт ахлах сургууль болгох талаар яригдаж буй асуудлыг манайхан энд татаж авчраад хувийн сургуулиудыг заазлах, цаазлах тухай яриад байх үнэндээ утгагүй. БНСУ, Японд төрийн байгууллагын зүгээс хувийн сургуулиуддаа ямар нэгэн дарамт үзүүлж байгаа зүйл огтхон ч байхгүй гэж учир мэдэх улсууд баталж, манайхны хий хөөсөрч дагасан байдалд харамсаж байна.

Япон гэхэд цар тахлын үед санхүүгийн хүндрэлд орсон, зээлтэй хувийн сургуулиудынхаа зээлийг хойшлуулах, царцаах тэр ч байтугай 20 мянган ам.доллар хүртэлх татаасөгөх хүртэл арга хэмжээ авч байгаа юм билээ.

Дэлхийн улс гүрнүүдээс хөгжлөөрөө хэдэн аравны хойно яваа бид худал мэдээллээр хөөсөрч, байгаагийнхаа амийг таслах биш харин амжиж, дэлхийн хэмжээний боловсролыг хүүхдүүддээ олгож, амжиж дэлхийн хэмжээний иргэдийг бэлдэж, улс орноо тэднийхээ гарт атгуулах тухай бодох амин хэрэгцээ байна.

2020 оны байдлаар улсын хэмжээнд 160 гаруй хувийн сургууль ажиллаж, 50-иад мянган сурагч, 5,300 гаруй багш ажилтнууд ажиллаж байна. Улсын сургуулиудын хүрэлцээ муу, нэг ангид 60 гаруй хүүхэд гурван ээлжээр хичээллэдэг тэрхүү ачааллыг хувийн сургуулиуд үүрэлцэж ирсэн. Нэг багшид хэтийдсэн ачааллын гороор хүүхэд нь хангалттай мэдлэг олж авахгүй байх вий гэсэн ээж аавын эрэлт хүсэлтэд энэ сургуулиуд таарч байсан байж таарна. Албан ёсны хаягжилт байхгүй гэрийнхээ дэргэдэх сургуульд хүүхдээ сургах боломжгүй хүндээ ээлгүй бодлогын хохирогч олон ээж аавд энэ сургуулиуд дэм болж байсан байх. Хүүхдүүдээ боловсруулж байж ирээдүйгээ улам гэрэлтэй болгох олон хүний хүсэлт шаардлагад энэ сургуулиуд боломжоороо дэм болж ирсэн биз ээ.

Хувийн сургуульд баячуудын хүүхдүүд сурдаг гэсэн ерөнхий ойлголтоор хувийн сургуулиудад ингэж хандаж болохгүй ээ. Дундаж давхаргаа дэмжинэ гэж байгаа бол үр хүүхдэдээ боломжийн боловсрол олгож, Монголын ирээдүйд хөрөнгө оруулж байгаа эцэг, эхчүүддээ нэрмээс болох шаардлагагүй.

Энэхэн цагтаа хүмүүст таалагдах гэсэн шийдвэр байж болох ч эргээд хор хөнөөл нь их шүү. Нэг журам гаргаад хүмүүст таалагдлаа ч эргээд хэн гэдэг албан тушаалтны үед гаргасан ямар журам Монголын хөгжилд дөнгө тушаа болсныг нэхэж хэлэлцдэг шинэ үеийнхэн төрж ирж байна. Гадаадын ажиллах хүчин оруулж ирдэг байгууллагууд гадны мэргэжилтэн бүртээ сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн татаас төлдөг журам боловсролын байгууллагуудад ч хамааралтай болж байгаа юм билээ.

Өнгөрсөн оны сүүлээр салбарын яамнаас “Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль” нэрээр өөрчлөлт хийсэн нь байнгын хороогоор дэмжигдсэн. Одоо тэгээд хаврын чуулганаар хэлэлцэнэ. Өөрөөр хэлбэл, хувийн сургуулиуд нэг гадаад багш урьж авчирлаа гэхэд татвар хураамжид сард 800 гаруй мянган төгрөг өгөхөөр болж байна гэсэн үг. Тэгэхээр гадаадын багшид хэр хэмжээний цалин өгөх үү, нэмээд 800 мянган төгрөг зарлагадана гэхээр гадны мэргэжилтэн багш нар урьж авчрах боломж тэр хэрээр хумигдаж байна гэсэн үг.

Хууль, журам гаргаж болох ч хэтийн хор уршиггүй л журам гардаг байгаасай. Төрийн дунд, доод шатны ажилтнуудын хариуцлагагүй байдал Засгийн газрыг унагахад хүртэл нөлөөллөө гээд яриад байгаа биз дээ.

Шинэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийх ажлынхаа онцлох төлөвлөгөөнд “...Англи хэлийг хоёрдогч хэл болгож, дэлхийн иргэд бэлтгэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж зарласан. Мөн тэрбээр төр бизнест оролцохгүй, бизнес төрд оролцохгүй гэсэн шинэ зарчмыг ч тогтооно гэдгээ зарласан. Түүнээс их хүлээлт олон нийтийн дунд байна.

Гэтэл дунд, доод шатны түшмэдүүдийн ихээхэн ухаалаг шийдвэр гаргачихлаа гээд баясч суугаа дээрх дүрэм журам Ерөнхий сайдын төлөвлөгөөнд ямар их гай болох бол доо. Энэ хуулийн өөрчлөлт үр дүн гадаадаас сайн багш авчрах тоог цөөлнө, нэг бол төлбөр нэмэгдэж ээж аавуудад ачаалал болно, англи хэл сурах өндөр өртөгтэй болно. Юун хоёрдогч хэлтэй дэлхийн иргэд төрөх. Монголд байгаа 160 орчим хувийн сургуулиудад, хэлний курсүүдэд энэ маш том ачаа болно. Гадаад багш авчирч чадахаа ч байх биз.

Ер нь цар тахалтай холбоотой хөл хорионы үеэр боловсролын байгууллагууд тэр дундаа багш нар хамгийн ачаалалтай ажиллаж буй хүмүүсээр тодорч байгаа.

Түүний зэрэгцээ хувийн сургуулиуд техник технологийн асуудлаа шийдэх их хэмжээний зардал гаргаж байгаа баримтууд бий. Одоо энэ бүх шийдвэрийн дараагаас сургалтын орчноо сайжруулах, нэмэлт хөрөнгө оруулж сургууль, шинжлэх ухааны лабораторуудаа дэлхийн жишигт ойртуулах, гадаад сайн багш авч ажиллуулахаас, энэ бүх хөрөнгө оруулалт, зардлаа санхүүжүүлэхийн тулд төлбөрөө нэмэхээс, өөрөөр хэлбэл эрсдэл үүрч боловсролын салбараа хөгжүүлэхээс хувийн сургуулиуд айх биз.

Төрийн ачаанаас үүрэлцэж байгаа энэ байгууллагуудад талархах хэрэгтэй болохоос төлбөр авдаг гээд адлаад байж болохгүй. Ерөөсөө олон нийт юунд нүд хурц байж, юуг шүүмжлэх гэдгээ ялгадаг, холын хөр хөнөөлийг нь мэддэг байх хэрэгтэй юм шүү. Өнөөдөр хэдэн сургуулийн хувьсах зардлыг хасч болно.

Угаасаа тэр сургуулиуд маргааш нь шахам мэдэгдэл гаргаад зөвшөөрч байгаагаа дэмжиж байна. Төрийн эрх мэдэлтний өөрөө мэдээд гаргачихсан шийдвэрийн эсрэг яах ч билээ гэж байх шиг байна.

Гэхдээ энэ шийдвэрт хамгийн их хохирох хүмүүс Үндсэн хуулиар олгогдсон сурах эрх нь ялгаварлагдаж нүд үзүүрлэгдсэн хэдэн хүүхэд, хүүхдэдээ илүү ихийг сургахсан гэж эрмэлзсэн ээж аавууд, өнөөдөртөө мэнд мултарсан ч маргааш ирэх төрийн буулганаас бултах аргаа мэдэхгүй байгаа 160 гаруй хувийн сургууль, улсын сургуулиудад нэмэгдэж ирэх ачаалал, төсвийн уйлдаггүй мөнгө, хамгийн том нь Монголын боловсролын салбар, мэдлэг боловсролтой иргэдээр дүүрэн байх ёстой Монголын хувь заяаны асуудал шүү.Тэвчиж болох зардал гэж байдаг шиг, танаж болохгүй зардал байдаг нь үр хүүхдүүд, ирээдүйтэй маань холбоотой шүү.

 

С.Мөнхбат

Зураг
x