Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

Куба улс өөрийн бүтээсэн Covid-19 вакциныг туршихад бэлэн болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 2 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Куба улс нь хэдийгээр АНУ-ын улс төр, эдийн засгийн дарамт шахалтан дор оршдог ч анагаах ухааны хөгжлөөр дэлхийд дээгүүрт тооцогддог.

Тус улсын Финли Хүрээлэнгийн эрдэмтэд коронавирусийн эсрэг вакцин амжилттай бүтээснээ сүүлчийн шатны туршилтад оруулахад бэлэн болжээ.

Soberana 2 нэртэй уг вакцин нь хүний биед хүчтэй дархлаа тогтоодог “conjugate vaccine” технологиор бүтээгдсэн юм байна. Soberana нь испани хэлээр “хараат бус, бие даасан” гэсэн утгатай үг юм.

Эхний үр дүн сайн гарсан тул удахгүй олон арван мянган сайн дурынхныг оролцуулсан сүүлчийн шатны туршилтаа эхлүүлэхээр болжээ.

2021 онд багтаан 100 сая тун вакцин үйлдвэрлэж, хүн амаа дархлаажуулах зорилт тавьснаа Финли Хүрээлэнгийн захирал Висенте Верез Бенкомо өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.

Куба улс нь биотехнологи, дархлаажуулалтын салбараа 30 гаруй жил хөгжүүлсэн туршлагатай.

1980-аад оны үед тус улсын эрдэмтэд анхны B менингитийн вакцин бүтээж байжээ. Улмаар АНУ-ын хоригоос хамааралгүй хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалах зорилгоор тухайн үеийн удирдагч Фидель Кастро вакцин үйлдвэрлэлийн Финли Хүрээлэнг байгуулсан байна.

Soberana 2 вакциныг үйлдвэрлэснээрээ Куба улс нь коронавирусийн эсрэг вакцин бүтээсэн Латин Америкийн анхны орон болох гэж байгааг PAHO (Pan American Health Organization) байгууллага мэдэгджээ.

Цар тахалтай эхнээс нь амжилттай тэмцэж байсан Куба улсад өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш коронавирусийн тархалт эрчимжиж, өдөрт 1,000 шахуу тохиолдол бүртгэгддэг болоод байгаа. 

Өнөөдрийн байдлаар тус улсад нийт 39,000 гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж, 269 хүн нас баржээ. Энэ нь Куба улсын эрүүлийг хамгаалах системд хүнд дарамт болж байгаа. Цар тахлын улмаас хилээ хаасан нь аялал жуулчлалын салбарт хүнд цохилт болж, эдийн засгийн хямрал нүүрлэжээ. Тиймээс Куба улс өөрийн эрдэмтдийн бүтээж буй коронавирусийн эсрэг вакцинд ихээхэн найдлага тавьж байна.

 

Эх сурвалж: BBC