Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/16-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Ганбагана: Бизнесмэнүүд ажилтнаа хөгжүүлбэл ашигтай гэдгийг ойлгодоггүй

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 2 сарын 16
Сурталчилгаа

Зуучлагч гэхээр “яриад өгнө өө” хэмээн энгэртээ том цүнх эгэлдэргэлсэн ченжүүд санаанд буух нь бий. Дэлхийн үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт тэргүүлэгч RE/MAX компани Монгол Улсад 2015 онд нээлтээ хийснээс хойш хэдийн таван жилийн хугацаа өнгөрсөн. Гэхдээ өнөөдөр ч энэ компанийн агент, брокеруудыг “ченж” гэж ойлгодог хүмүүстэй хаа нэг таардаг. Үнэндээ тэд харилцагчдад үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйлчилгээг олон улсын стандартын дагуу шинэ түвшинд хүргэхээр зорин ажиллаж буй. “Зуучлал” гэх тодорхойлолтын цаана хэрхэн ажил явагддагыг сонирхож RE/MAX KING салбарын брокер эзэмшигч Г.Ганбаганатай уулзаж ярилцлаа.  

-RE/MAX-ын талаарх анхны сэтгэгдэлээ хуваалцахгүй юу? Эндээс яриагаа эхэлье.

-Би RE/MAX-аас өмнө нь ажиллаж байсан байгууллагадаа сугалааны тохирол зохион байгуулах гээд “Party Shop” хайгаад Энхтайваны гүүр уруудаад явж байлаа. Тэгсэн гүүрний цаад талд бөмбөлөгийн зураг байхаар нь дугаараар нь залгаад “Танайд бөмбөлөг байна уу” гээд асуусан чинь “Манайх үл хөдлөхийн компани” гэж хэлсэн. RE/MAX-ын талаарх анхны ойлголт энэ. Дараа нь өмнө нь ажиллаж байсан байгууллагынхаа бартерын орон сууцуудыг зарах гээд зар тавьсан байлаа. Одоогийн манай “RE/MAX 100 хувь” оффисын н.Алтантуяа захирал маань тухай үед RE/MAX Central  оффисын агент байсан юм. Надтай ирж уулзаад “Энэ байруудыг би зарж өгье, манайх зуучлалын компани” гэдэг санал тавьж байлаа. Алтантуяа захиралтай хэд хэдэн удаа уулзахдаа уудалсаар байгаад RE/MAX-ын талаар ойлголтыг бүрэн авсан юм.

 

-Та тэгвэл RE/MAX-ын үйлчлүүлэгч байж ээ?

-Тийм шүү. Үйлчлүүлэгчээс л эхэлсэн. RE/MAX маш их таалагдсан учраас агентаар элсэж нэг жилийн хугацаанд ажилласан.

-Танд энэ бизнесийг эхлүүлэхэд юу нөлөөлөв?

-Надад шимтгэлийн систем нь шударга санагдаж байлаа. Ямар ч бизнес 50 хувийн ашигтай байна гэдэг ховор. Хүн өөрөө л хийж чадвал маш их боломж байна. Шударга үнэлгээний системтэй байгууллага гэж ойлгоод судалж эхэлсэн. Хоёр жилийн турш төлөвлөж, судалж явсаар агентаар эхлээд ажилд орлоо. Шууд брокер болох боломж байсан ч агентууддаа зөвлөгөө өгөх хэмжээнд хөгжихийн тулд өөрөө агентаас эхэлсэн. Анх RE/MAX SKY оффист 2019 оны хоёрдугаар сард ажилд ороод 3,4,5 дугаар сарын шилдэг агент болсон. Зургадугаар сард RE/MAX Mongolia бүсийн хагас жилийн топ 10 агентын зургаад орсон. Олон гүйлгээ хийсэн ч бас маш олон гүйлгээ болоогүй хэлцэлүүд байсан. Нэг байрыг 150 хүнд үзүүлээд зургаан сарын дараа борлуулсан тохиолдол ч байлаа. Тэр дунд маш их туршлагажсан. Үүний дараагаас франчайзаа хөөцөлдөж эхлээд 2020 оны гуравдугаар сарын 1-нд RE/MAX KINGS гэх өөрийн оффисоо нээсэн. Тухайн оныхоо топ оффисын шилдэг гуравт багтсан амжилттайгаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Манай оффис 16 агенттай, админ менежер, нягтлан гэсэн бүрэлдэхүүнтай. Энэ жил хамгийн багадаа 30 агенттай болох зорилготой байгаа. Ерөнхийдөө зах зээлийн хандлагатай уялдан төслийн борлуулалтад чиглэн ажиллаж байна. Агентуудаа хариуцлагатай, мэдлэгтэй, туршлагатай болгож өөрсдийг нь брэнд байлгахыг зорьдог.

-RE/MAX-чууд шилдгээ хэрхэн шалгаруулдаг вэ?

-Оффис болгоны шилдгээр шалгаруулах журам гэж байгаа. Гэхдээ гүйлгээ болон шимтгэлтэй заавал уялддаг. Манай оффисын хувьд хамгийн багадаа таван гүйлгээ хийсэн, харилцагчын менежментийн хөтөлбөрөө хэрэгжүүлсэн байдал, 7 хоног бүр агентуудад зориулан явуулдаг сургалтдаа хамрагдсан зэрэг үзүүлэлтүүдийг хардаг.

 

-RE/MAX-ын франчайз бизнесээс хэн хожих вэ?

-Франчайз бизнес гэдэг авч байгаа хүн, худалдаж байгаа хүн, ашиглаж байгаа хүн гээд бүх талдаа ашигтай. Өөрөөр хэлбэл WIN WIN зарчимтай. Худалдан авч байгаа тал буюу надад ямар ашигтай байсан бэ гэхээр нэгдүгээрт цаг хугацааг товчилж байна. Би хэр их хугацааг зарцуулж байж өнөөдрийн энэ амжилтын түвшин дээр ирэх байсан бэ гэдэг сонирхолтой. Хамгийн анхан шатны бичиг баримт болох зуучлалын гэрээ гэхэд л би эхнээс нь бүгдийг бичнэ. Хуульч авахад мөнгө төлнө. Эсвэл өөрөө бичнэ. Өөрөө бичихэд хуулийн мэдлэг дутуугаас шалтгаалан алдаа дутагдал гарна. Харин франчайз эрх авахад бүх гэрээ хэлцэлүүд, энэ бизнес хийхтэй холбоотой бүх бичиг баримтуудын драфт бэлэн хүрээд ирдэг. Үүнийг хувиргаж аваад, нэмээд ашигладаг. Эндээс маш их цаг хугацаа хэмнэнэ. Хоёрдугаарт, Олон улсын брэнд учраас сургалт, хөгжил тал дээр маш их давуу талтай. Хувийн хэвшилд тогтмол цагт нэгэн хэвийн хайрцаглагдсан зүйлийг л хийнэ, тэрнээс давах боломжгүй. Учир нь хувийн компаниуд сургалт, хөгжүүлэлт маш сул байдаг. Энэ нь хувь хүнийг зэврэх, доройтолд орох үндэс рүү түлхдэг. Ажилтан хөгжвөл эргээд тэр хөгжил нь байгууллагад хэрэгтэй, байгууллагадаа нэвтрүүлнэ шүү дээ. Мөнгөө төлөөд суръя гэж байхад чөлөөг нь олгодогггүй хөгжлийг нь хязгаарладгаас болоод ажиллах хүчний боловсролын доройтолд орж эхэлж байдаг. Хийдгээ л сайн хийдгээс биш илүү шинээр сэтгэхээ больж эхэлдэг. Хүний нөөцийн зах зээл дээр ажил горилогчидын анкетыг харахад дийлэнх нь 2-3 компани сольчихсон тогтвортой ажилладаггүй мэт харагддаг. Энэ нь нөгөө л сургалт хөгжил муу, хайрцаглагдаж байгаа учраас уйтгартай санагдаж эхэлснээр, шинэ ажил шинэ салбарт орох сонирхол нь төрөөснөөр ажилтан гараад явчихдаг. Тэгэхээр RE/MAX-ын франчайз маш олон сургалт байнга явуулж байдаг учраас шинийг сурах хүсэлтэй хүмүүст маш сонирхолтой бизнес. Үүгээрээ ч хожоотой. Том зургаар харвал RE/MAX-ын франчайз бизнес үл хөдлөхийн салбарт үсрэнгүй хөгжлийг авчирч байгаа. Тэгэхээр улсынхаа хэмжээнд хожлыг авчирч байна гэсэн үг.

 

-RE/MAX-ын сургалтын үр дүн, ач холбогдлын тухай олон хүн ам сайтай байдаг. Гэхдээ төлбөр өндөртэй гэх нэгэнтэй таарч байлаа.

-RE/MAX-т үнэгүй сургалтууд маш олон байдаг. Манайд орж ирээд жил болж байгаа агент жилийн хугацаанд ганцхан сургалтад л мөнгө төлж байгаа. Тэр нь агентын эрх авах сургалт. Энэ сургалт RE/MAX-тай ямар ч холбоогүй. Санхүүгийн зохицуулах хорооноос энэ хүн энэ бизнесийг эрхлэх боломжтой юу үгүй юу гэдгийг сургалтанд суулгаж, шалгалт авч байж тэнцвэл эрх олгодог сургалт. Үүний төлбөр RE/MAX-т орж ирдэггүй. RE/MAX-аар дамжуулан төлөгдөж байгаа ч гэсэн Санхүүгийн зохицуулах хороо болон сургалт зохион байгуулдаг Үл хөдлөхийн академи руу шилждэг мөнгө. Манай агентууд долоо хоног болгон нэг сургалт авч байгаа. Тэр олон долоо хоногийн сургалтыг өгөхдөө нэг ч удаа агентаасаа мөнгө авч байгаагүй. Брокер эзэмшигчид, Захирал өөрөө ажилтнаа хөгжүүлэхийн тулд төлбөр төлж сургалтад хамруулдаг юм. Тиймээс төлбөр өндөр гэдэг ташаа ойлголт.

-Зуучлал гэхээр дундаас нь мөнгө олдог гэх ченжүүдийн буй болгосон хандлага нийгэмд одоо ч байна?

-RE/MAX мөнгө нэмж зардаггүй. Байраа худалдах гэж байгаа хүний хүссэн дүнгээр л борлуулдаг. Тодорхой тактик бас байна. Монголчууд аливаа зүйлийн үнийг хямдруулж байж сэтгэл ханамж авах гээд байдаг. Тэгэхээр та надаар байраа заруулах гэж байгаа бол би түүнийг 90 сая гээд зар тавьсан ч 88 саяар авч байж худалдан авагч сэтгэл ханах гээд байдаг. Үүнийг тооцоолоод 93 сая гэж зар тавиад үүнээс ярилцаад 90 сая дээр буулгах тактик байна. Тэрнээс үнэ нэмж зарах ямар ч боломжгүй. Агентууд шууд шимтгэлээ авдаггүй. Заавал брокер оффисоороо дамжуулж авдаг, оффис түүнийг хянадаг. Хэрэв үнэ нэмж зарвал бидэнд зуучлалын тусгай зөвшөөрлөө алдах, агнетууд эрхээ хасуулах хариуцлагын асуудал яригдана. Монголчуудад үл хөдлөх хөрөнгө зуучлалын талаар мэдлэг мэдээлэл, нийтийн боловсрол сул байна. Үүнийг хөгжүүлэх тал дээр анхаарч ажиллах нь зүйтэй. Зуучлалын байгууллагаар дамжуулснаар худалдан авагч болон байраа зарах гэж байгаа хүмүүс аливаа нэг луйвар, хууль бус мөнгө, гэмт хэрэгт холбогдох эрсдэл маш бага. Онцгой байдлын газар хүртэл ажилчдадаа орон сууц бариулах гээд луйвардуулсан байх юм. Ингэж улсаараа луйвардуулж байхад ёс зүйтэй зуучлалын салбарыг хөгжүүлэх гээд зуучлалын бизнесийнхэн ороод ирчихсэн байна. Тэгэхээр мэргэжлийн хүмүүст хандаад сурчих хэрэгтэй байгаа юм. Бас энэ талын мэдлэг боловсрол, туршлагыг нийтийн дунд суулгамаар байна. Ингэж байж хаа хаанаа эрсдэлгүй. Цаг хугацаа хэмнэе, аюулгүй эрсдэлгүй байя гэвэл RE/MAX-т хандаарай гэж зөвлөе.

-Агентад хандахын ач холбогдлыг тодорхойлбол?

-Өмнө нь би маркетингийн чиглэлээр ажиллаж байсан. Барилгын материал худалдаалдаг учрааас байраар бартерддаг байсан. Тэгэхээр ажлын хажуугаар байр зарах ажил хийдэг байсан гэсэн үг. Харьцуулаад үзвэл RE/MAX-ын давуу тал нь маш хурдан борлуулах боломжтой. Энэ боломжийг олгож байгаа гол хүчин зүйл нь агентуудын хамтарсан гүйлгээ. Хоёр агент хамтраад нэгд нь худалдан авагч байхад нөгөө агентад борлуулах гэж байгаа хүний хэрэгцээ байдаг. Энэ хоёр RE/MAX-ын нэгдсэн программаар холбогдоод, байрыг нь хамтран үзүүлээд борлуулах гэж байгаа, авах гэж байгаа хүмүүс дунд зуучилж өгдөг. Худалдан авагчид авна гээд хэлчихээр лист талдаа буюу байраа заруулах гэж байгаа талд агент “авна гэсэн” гээд хэлчихдэг. Гэтэл авахаа больчихоор агент дунд нь худлаа хэлсэн болчихдог. Гэхдээ худлаа хэлэхийг хэн ч хүсэхгүй. Хүнээс мөнгө авах байтал тэр нь бүтэхээ байх зэрэг амьдралын олон шалтгаан бий. Агентууд сэтгэл санаагаа тогтвортой байлгаж байж амжилт олно. Унахгүй байх нь чухал.

 

-“Ковид-19” цар тахалтай холбогдуулан бизнесийн орчин суларсан энэ үед бэлэн мөнгө тоолоод байр авах бэл бэлчинтэй хүн хэр олон байна вэ. Үл хөдлөхийн салбарын үйл ажиллагаанд коронавирус хэрхэн нөлөөлөв?

-Орон сууц бол хүний анхдагч хэрэгцээ. Үл хөдлөхийн бизнесийг ямар ч үед уналтад орохгүй салбар гэж хэлж болно. Тухайлбал дэлхийн II дайны дараа үл хөдлөхөөс шалтгаалан маш олон саятнууд төрж байсан гэдэг. Өнөөдөр хөл хориог дайны үетэй зүйрлэж болно гэж үзээд байгаа. Бизнесүүд олноор дампуурч объектууд хоосорч байгаа энэ үед мөнгөтэй хүмүүс түүнийг худалдан аваад энх тайван цаг ирэнгүүт өндөр үнээр борлуулаад саятнууд төрдөг гэсэн үг. Олуулаа амьдардаг байсан хүмүүс хажуу өрөөндөө хүн байлгамааргүй болж эхэллээ. Гадаадад удаан хугацаанд ажиллаж байсан хүмүүс тусгай үүргийн онгоцоор маш олноор эх орондоо ирж байна. Гадаадад удчихсан хүмүүс учраас ирээд амьдрах байргүй. Тиймээс худалдан авалт ихээр хийгдэж байгаа. Энгийн үеэс илүү орон сууцны худалдаа нэмэгдэж байна. Харин нөгөө талд үйлчилгээ, оффисын талбайн худалдаа бага зэрэг буурах хандлагатай байна. Нэг тохиолдол илэрхэд орцоор нь хөл хорьж байна. Энэ байдлаас шалтгаалж хаус сонирхох хүмүүс их болж, бие даасан бусдаас хамаарахгүй байх нь чухал болж эхэлнэ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн шинэ хувилбар гарч ирлээ. Дахин төлөвлөж орон сууц болгохоос илүүтэй төвийн шугамд холбогдсон хаус болгох түвшнээр цаашид хөгжих болов уу гэж харж байна. Өөрөөр хэлбэл хүмүүст хаусанд амьдрах сонирхол нэмэгдэнэ. 

 

-Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл олгож эхэлсэн. Энэ зөвшөөрөл хэнд хэрэгтэй, юунд ашигтай вэ?

-Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл олгосон учраас барилгын компаниуд төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлэхдээ заавал зуучаар дамжуулж борлуулна. Эсвэл өөрсдөө тусгай зөвшөөрөл авна гэсэн хоёр сонголт дээр ирчихсэн. Барилгын компаниуд тусгай зөвшөөрөл аваад, өөрсдөө сар бүр тайлан өгнө гэдэг бол илүүц ажил, илүү зардал болно. Тэгэхээр зуучлалын компанид хандах нь борлуулалтын хөлсөө хэмнэх давуу талтай. Энэ зөвшөөрлийн хэрэгжилт тавдугаар сарын 1-нээс эхэлнэ. Тэр цаг хугацаанаас эхлэн барилгын компаниуд өөрсдөө борлуулалт хийвэл Санхүүгийн зохицуулах хорооноос торгууль, шийтгэл яригдаад эхэлнэ.

 

-Төгсгөлд нь брокер эзэмшигч болох хүнд ямар мэдлэг боловсрол, санхүүгийн чадамж хэрэгтэй вэ гэж асуумаар байна.

-Нэгдүгээрт хандлага зөв байхыг эрхэмлэдэг. Түүнээс бусдаар хатуу шаардлага байхгүй. Миний хувьд маркетингийн чиглэлээр удаан ажилласан. Энэ миний давуу тал болов уу гэж боддог. Маркетингийн хүмүүс ихэвчлэн аливааг баримтжуулж харж, мэдэх дуртай байдаг. RE/MAX-ын олон улсын франчайзыг харахад нас тогтсон хүмүүс илүү амжилттай явдаг. Учир нь маш олон жил хөдөлмөрлөсөн 200-300 сая төгрөгөөрөө байр авах гээд явж байгаа хүн өөрт нь зөвлөх хэмжээний өргөн мэдлэгтэй, туршлагатай, тодорхой хэмжээний амжилттай яваа хүнээс зөвлөгөө авахыг бодно. Түүнээс 40 настай хүн 22 настай залуугаас “Та энэ байрыг ав” гэдэг зөвлөгөө сонсвол итгэл төрөхгүй байх магадлал өндөр. Үүний оронд 50 орчим насны хүн өөрийнхөө практикт тулгуурлан мэдээлэл өгвөл хүлээж авах байдал нь илүү. АНУ-д 40-өөс дээш насныхан илүүтэй амжилт олох хандлага ажиглагддаг юм билээ. Монголд эсрэгээрээ залуучууд илүү амжилттай ажиллаж байна. Энэ бизнесийг ойлгож хүлээж авах нь залуучуудад илүү хурдан байна. Бизнес нь өөрөө залуу, Монголд хууль нь одоо л гарч байгаа учраас залуучууд эрт орвол амжилт гаргах боломж байна. Арван жилийн дараа залуучуудад хэцүү бизнес болж эхлэх болов уу гэж хувьдаа бодож явдаг.

-Ярилцсанд баярлалаа. Таны бизнест амжилт хүсье.

Г.Тэгшсүрэн

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.