Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/16-НД НИЙТЛЭГДСЭН

Илон Маскийг Владимир Путинтэй ярилцуулах сонирхолтой байгаагаа Кремлийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв

Т.Давааням, ikon.mn
2021 оны 2 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт Америкийн тэрбумтан Илон Маск твиттер хуудсандаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй Clubhouse сүлжээнд ярилцах хүсэлтэй байгааг илэрхийлсэн билээ.

“Тантай ярилцах нь миний хувьд нэр төрийн хэрэг байх болно” гэж Маск урилгынхаа араас орос хэлээр бичсэн байв.

Даваа гарагт сэтгүүлчидтэй уулзахдаа Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков уг урилгыг Оросын тал маш их сонирхож байгааг мэдэгджээ.

“Мэдээж энэ бол маш сонирхолтой санал. Гэхдээ бид яг ямар агуулгатай санал болохыг нь эхлээд нягталж, шалгах хэрэгтэй. Үүний дараа хариу өгнө” гэж Песков ярьсан байна.

Clubhouse нь өнгөрсөн онд зах зээлд нэвтэрсэн, тодорхой сэдвээр бүлгүүдэд хуваагдан дуу хоолойгоороо харилцдаг сошиал медиа аппликэйшн юм. Уг аппликэйшны хэрэглэгч болохын тулд түрүүлж хэрэглэгч болсон хэн нэгнээс урилга хүлээж авах ёстой.

Интернэт огт хэрэглэдэггүй гэгддэг ерөнхийлөгч Владмир Путин нэг удаа интернэтийг АНУ-ын Тагнуулын Төв Газрын хэрэгжүүлсэн төсөл гэж тодорхойлж байв. 

“Ерөнхийлөгч Путин өөрөө сошиал сүлжээ хэрэглэдэггүй. Тиймээс өмнө нь бид үүнийг зохицуулах шаардлагатай” гэж Песков сэтгүүлчидтэй уулзахдаа ярьжээ.

 

Эх сурвалж: Reuters