Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

Израйль улсын вакцинжуулалтад хамрагдсан хүн амын дунд өвчлөл 94 хувиар буурчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 2 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Израйль улсын вакцинжуулалтад бүрэн хамрагдсан 600,000 орчим иргэний дунд Covid-19 өвчлөл 94 хувиар буурсныг эрдэмтэд өчигдөр зарлажээ.

Израйлийн хамгийн том эрүүл мэндийн байгууллага Clalit-ийн эрдэмтэд коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдаад байгаа 55-аас дээш насныхны дунд судалгаа хийсний үр дүнд үүнийг тогтоосон байна. Ингэхдээ вакцинжуулалтад хамрагдаагүй байгаа насны бүлгийн хүмүүсийн эрүүл мэндийн мэдээлэлтэй харьцуулжээ.

“Pfizer/BioNTech компанийн бүтээсэн вакцин нь хоёр дахь тунгаас хойш долоо хоногийн дараа туршилтын үеийнхтэйгээ ижил үр дүнтэй дархлаа тогтоодог нь бодит амьдрал дээр харагдлаа” гэж Clalit-ийн инновац хариуцсан захирал Ран Балисер мэдэгдсэн байна.

Хоёр дахь тунг хийснээс хойш хоёр долоо хоногийн дараа дархлаажуулалтын үр дүн үүнээс ч өндөр болохоор байгааг тэр бас хэлжээ.

Израйлийн Вэйцманы Эрдэм Шинжилгээний Хүрээлэн дархлаажуулалтад хамрагдсан хүн амын дунд өвчин хүндрэх, эмнэлэгт хэвтэх явдал огцом буурсныг Ням гарагт мөн мэдээлсэн юм.

Израйль улс нь хүн амаа вакцинжуулах ажлыг эрчимтэй явуулж байгаа бөгөөд хоёрдугаар сарын 13-ны байдлаар 100 хүн тутамд 72 тун вакцин хийсэн үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байна.

 

Эх сурвалж: Reuters