Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

Арабын орнуудаас илгээсэн анхны хөлөг Ангараг гарагийн гэрэл зургийг ирүүлжээ

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 2 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн онд Арабын ертөнцийн орнуудаас Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ) анх удаа Ангараг гараг руу “Hope” нэртэй судалгааны хөлөг илгээж байв.

Уг хөлөг өнгөрсөн долоо хоногийн Мягмар гарагт Ангараг гарагийн тойрог замд амжилттай хүрсэн юм. Тэгвэл “Hope” хөлөг тойрог замд хүрснийхээ маргааш Ангараг гарагийн гэрэл зургийг буулгаснаа дэлхийд ирүүлжээ.

Ангарагийн гадаргаас 24,700 км өндөрт байхдаа авсан гэрэл зурагт тус гарагийн хойд туйл орчмын байгалийн тогтоцууд, нарны аймгийн хамгийн том галт уул болох Олимпус тод дүрслэгдсэн байна.

“Hope хөлгийн илгээсэн Ангарагийн анхны гэрэл зураг нь АНЭУ сансар судлалын тэргүүлэх улс болсныг баталсан түүхэн үйл явдал боллоо. Манай хөлөг хүн төрөлхтөнд ач тустай олон нээлт хийнэ гэдэгт бид итгэлтэй байна” гэж Эмиратын судалгааны баг мэдэгджээ.

Hope хөлөг тойрог замаас Ангараг гарагийн цаг уурын системийг судлах үндсэн зорилготой юм.

Арабуудын илгээсэн хөлөг анхны зургаа буулгаж байх үед Хятадын Тянвэн-1 хөлөг Ангараг гарагийн тойрог замд орж байв. Хятадын хөлөг ирэх тав, зургаадугаар сарын орчимд судалгааны робот станцыг Ангарагийн гадаргуу дээр буулгах зорилготой. Тянвэн-1 хөлөг мөн тойрог замд хүрснийхээ дараа Ангарагийн гэрэл зургийг буулгаснаа дэлхийд илгээж байв. Гэхдээ энэ зургийг хөлгийн гадна талыг хянах зориулалттай камераар авсан тул дүрсний нягтрал багатай байжээ.

Араб, Хятадын хөлгүүдээс гадна АНУ-ын илгээсэн Perseverance судалгааны станц энэ долоо хоногийн Пүрэв гарагт Ангарагийн тойрог замд орж, тус гарагийн экваторын бүслүүрт оршдог Жезеро нэртэй тогооны орчимд газардах үйл ажиллагаагаа эхлүүлэх юм.

 

Эх сурвалж: BBC