Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын сенатын танхим ерөнхийлөгч асан Дональд Трампыг цагаатгалаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампыг энэ оны нэгдүгээр сарын 6-нд болсон Капитолын үймээн самуунд буруутгах эсэх асуудлаар санал хураалт Бямба гарагт сенатын танхимд зохион байгуулагдлаа.

Хэрвээ сенатын гишүүдийн гуравны хоёр нь дэмжсэн бол Дональд Трампыг буруутайд тооцож, гэмт хэрэгт холбогдуулан шалгах байв. Гэвч сенатын 100 гишүүний 57 нь дэмжиж, 43 нь эсэргүүцсэнээр гуравны хоёрын босгод хүрээгүй байна.

Сенатын танхим дахь Ардчилсан Намын 50 гишүүн дээр Бүгд Найрамдах Намын 7 гишүүн нэмэгдэж, Трампын эсрэг санал өгсөн байна. 

Дональд Трамп нь нэгдүгээр сарын 20-ны өдөр АНУ-ын ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн юм. Тиймээс энэ удаа түүнийг буруутайд тооцсон ч албан тушаалаас нь зайлуулах нөхцөл үүсэхгүй байв. Гэхдээ таван хүний амь үрэгдсэн Капитолын үймээнийг турхирсан хэрэгт холбогдож, дахин төрийн албан тушаалд ажиллах эрхийг нь түдгэлзүүлэх боломжтой байжээ.

Трамп хоёр дахь удаагаа конгрессooр гэм буруутайгаа шүүлгэсэн АНУ-ын анхны ерөнхийлөгч болж байна. 2020 оны хоёрдугаар сарын 5-нд болсон эхний импичментийн шүүлтээр сенат дахь нам нэгтнүүд нь түүнийг мөн аварч байжээ. Тухайн үед Бүгд Найрамдах Намын нөлөө бүхий сенатор Митт Ромни ганцаараа Ардчилсан Намынхантай нэгдэж байсан бол энэ удаа түүнээс гадна зургаан сенатор Трампын эсрэг нэгдсэн байна. 

Хэрвээ АНУ-ын ерөнхийлөгч хууль зөрчсөн үйлдэл гаргавал конгрессийн төлөөлөгчдийн танхим түүнд итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураадаг. Хэрвээ олонх нь итгэл үзүүлэхгүй гэж шийдвэл дараагийн шатанд сенатын танхим гэм бурууг нь шүүгээд гуравны хоёрын саналаар албан тушаалаас нь огцруулах арга хэмжээг авдаг юм.

АНУ-ын түүхэнд гурван ерөнхийлөгч импичментийн шүүхээр орсон ч сенатын танхим бүгдийг нь цагаатгаад байна.

Хэдийгээр Трамп цагаатгагдсан ч Ройтерс агентлагийн Ipsos судалгааны байгууллагатай хамтран явуулсан санал асуулгын үр дүнгээр бол насанд хүрсэн Америкчуудын 71 хувь, үүн дотроо Бүгд Найрамдахчуудын тал орчим хувь нь Трампыг энэ оны эхээр Капитолын ордонд гарсан үймээнд ямар нэг хэмжээгээр буруутай гэж үзжээ.

Гэхдээ тэдний тал орчим хувь нь Трампыг энэхүү гэмт үйлдлийнхээ төлөө шийтгүүлэх ёстой гэж хариулсан байна.

Одоо 74 настай Дональд Трамп 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд “Америк Нэгдүгээрт” гэсэн уриатайгаар дахин өрсөлдөх санаатай байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters