Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

Токио 2020 наадмыг зохион байгуулах хорооны дарга хэлсэн үгнийхээ улмаас огцорлоо

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Токио 2020 олимпын наадмыг зохион байгуулах хорооны дарга, Япон улсын ерөнхий сайд асан Ёширо Мори албан тушаалаасаа огцорч байгааг өчигдөр зарлажээ.

Цар тахлын улмаас нэг жилээр хойшлоод байгаа зуны олимпын наадам таван сар орчмын дараа Японы нийслэлд эхлэх юм. Энэ сарын эхээр болсон олимпын хорооны хурлын үеэр 83 настай Мори “эмэгтэйчүүд хэт нуршуу ярьдаг нь ажилд саад болж байна” гэж шүүмжилжээ.

Хүйсийн тэгш эрхийн эсрэг, эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах агуулгатай зүйл ярьсныхаа төлөө түүнийг огцрох ёстой гэж япончууд үзэж байв.

Харин Мори огцрох шаардлагыг хүлээж авахаас татгалзаж байсан юм. Пүрэв гарагт тэр огцрох шаардлагыг хүлээж авсан ч олимпын хотхоны дарга 84 настай Сабүро Кавабүчид ажлаа өгөх гэсэн нь дахин ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан байна.

Японы олон нийт адилхан 80 гаруй насны хүнийг уг албан тушаалд томилсноор хандлага өөрчлөгдөхгүй гэж үзэж байв.

“Уг албан тушаалд эмэгтэй хүн эсвэл харьцангуй залуу хүн томилохоос нааш өөрчлөгдөж байгаагаа харуулж чадахгүй” хэмээн Японы засгийн газрын эх сурвалж хэвлэлд ярьсан байна.

Ингээд тэнцүү тооны эрэгтэй, эмэгтэй хүмүүсээс бүрдсэн зөвлөл Токио 2020 олимпын наадмын зохион байгуулах хорооны шинэ даргыг яаралтай сонгож, томилохоор болжээ.

Шинэ даргын сунгаанд долоон удаа олимпын наадамд оролцож байсан, цөөхөн эмэгтэй улс төрчдийн нэг Сэйко Хашимотогийн нэр яригдаж байна.

Тэрбээр 1964 оны Токиогийн зуны олимпын наадмыг эхлэхээс хэдхэн өдрийн өмнө мэндэлж байсан бөгөөд нэр нь олимпын бамбарыг илэрхийлсэн утгатай япон үг ажээ. Сэйко Хашимото одоо Токио 2020 наадмыг хариуцсан төрийн сайдын албан тушаалыг хашдаг.

Ёширо Мориг залгамжилсан ямар ч хүнтэй нягт хамтран ажиллаж, Токио 2020 зуны олимпын наадмыг хугацаанд нь амжилттай зохион байгуулах хүсэл эрмэлзлэлтэй байгаагаа Олон Улсын Олимпын Хорооны ерөнхийлөгч Томас Бах өчигдөр мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: Reuters