Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/11-НД НИЙТЛЭГДСЭН

Европын хамгийн өндөр настай хүн Covid-19 өвчнийг эсэн мэнд давжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 2 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Европ тивийн хамгийн өндөр настанд тооцогддог гэлэнмаа коронавирусийн халдвар авсан ч бүрэн эдгэрээд 117 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж байна.

1904 онд төрсөн Андре гэлэнмаагаас нэгдүгээр сарын 16-ны өдөр коронавирусийн халдвар илэрч байжээ. Гэвч түүний биед халдварын ямар нэг шинж тэмдэг илрэлгүй байсаар эдгэрсэн байна.

Андре гэлэнмаа одоо Францын өмнөд хэсгийн Тулон хот дахь асрамжийн газарт амьдардаг.

“Би халдвар авснаа ч мэдээгүй. Үхэхээс айдаггүй болохоор огт тоогоогүй” гэж тэр орон нутгийн хэвлэлд ярьжээ.

Гэлэнмаагийн 117 насны төрсөн өдөр өнөөдөр буюу Пүрэв гарагт тохиож байгаа юм. Асрамжийн газрын захиргаа өндөр настны төрсөн өдрийг тэмдэглэхэд нэлээд санаа тавьжээ.

Түүнийг төрөл төрөгсөдтэй нь видео холбоогоор уулзуулж, дуртай зоогийг нь бэлдсэн гэнэ.

Андре гэлэнмаа төрсөн өдрийнхөө зоогонд нугасны элэг, зайрмагтай бялуу, хундага улаан дарс захиалжээ.

Тэрбээр өдрийн хоолныхоо дараа заавал нэг хундага улаан дарс уудаг зуршилтай гэнэ.

Андре гэлэнмаа дэлхийн хоёр дайныг үзэж, 1918 оны испани ханиадын тахлыг өвдөлгүй давж байжээ.

Одоо тэрбээр энх тунх байгаа дэлхийн хамгийн өндөр настай хүмүүсийн хоёрт бичигддэг. Түүний өмнө 1903 онд мэндэлсэн Японы өндөр настан эмэгтэй Кане Танака бичигддэг байна.

 

Эх сурвалж: CNN