Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/11-НД НИЙТЛЭГДСЭН

Ангараг гарагийн агаар мандлаас усны уур илрүүлжээ

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 2 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Ангараг гарагийн агаар мандлын дээд хэсэгт усны уур илрүүлснээ хэсэг эрдэмтэд зарлажээ. Тус гараг дээр нэгэн цагт гол урсаж байсныг эртний хөндийнүүдээс илэрсэн судлууд баталдаг.

Энэ нь бас Ангараг гараг дээр амьдрал оршиж байсан гэх таамгийг улам үнэмшилтэй болгодог байна.

Харин өнөөдөр тус гарагийн усны нөөц хөрсөн дор дээд хэсэг нь мөстсөн хэлбэртэй байгаа гэж эрдэмтэд үздэг юм.

Тэгвэл Ангарагийн усны нөөцийн зарим хэсэг ууршиж, агаар мандалд устөрөгч хэлбэрээр оршиж байдгийг Их Британийн Опен их сургуулийн хоёр эрдэмтэн нээж, дүгнэлтээ Sicence Advances сэтгүүлд нийтлүүлжээ.

Тэд Ангарагийн агаар мандалд тусгасан гэрлийг шинжлэх замаар усны уур байгааг илрүүлсэн байна. Судалгаанд ашигласан “Nadir and Occultation for Mars Discovery” багажийг одоо Ангарагийн тойрог замд ажиллаж буй Европын Сансар Судлалын Агентлаг, Оросын Роскосмос байгууллагын хамтран илгээсэн ExoMars Trace Gas Orbiter станцад суурилуулсан байдаг ажээ.

“Гайхамшигтай багажны тусламжтайгаар бид Ангарагийн агаар мандалд усны изотоп байгааг илрүүлж чадлаа. Ингэснээр Ангараг түүхийнхээ туршид хэрхэн усгүй, амьдралгүй, хахир хатуу нөхцөлтэй гараг болж өөрчлөгдсөнийг судлах боломжтой болж байна” гэж Опен их сургуулийн гараг эрхэс судлаач Маниш Пател ярьж байна.

Энэ долоо хоногт Ангараг судлалын хувьд завгүй өдрүүд тохиож байна. Өчигдөр Хятадын Тянвэн-1 хөлөг Ангараг гарагийн тойрог замд амжилттай хүрсэн юм. Өмнөх өдөр нь Арабын Нэгдсэн Эмират Улсын “Hope” судалгааны станц мөн тус гарагийн тойрог замд амжилттай орсон бөгөөд Арабын ертөнцийн орнуудын хувьд томоохон үйл явдал болсон байна.

 

Эх сурвалж: AFP