Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Ажил аваад 100 гаруй хонож байгаа надтай бэлтгэл муу, хариуцлагагүй гэж байгааг улс төрийн зорилготой захиалгат үйлдэл гэж үзэхээс өөр арга алга"

Б.Дэлгэр, iKon.mn
2021 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: Нийслэлийн Засаг даргын хувийн архиваас

Нийслэлийн ИТХ хурал өнөөдөр ээлжит буюу III хурлаа хийлээ. 

Тус хуралдаанаар COVID-19-ийн нөхцөл байдал цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний мэдээлэл, танилцуулга сонсох томьёоллоор санал хураалт явуулж, дийлэнх нь дэмжсэн бол НИТХ дахь ХҮН-ын гурван гишүүн эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. 

"НИТХ Засаг дарга Д.Сумъяабазараас хариуцлага нэхэх цаг болсон" 

Тус намын гишүүн П.Наранбаяр нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарыг цар тахлын үед мэргэжлийн нэгдсэн удирдлагаар хангаж ажиллаж, үүргээ биелүүлж чадаагүй тул хариуцлага ярих ёстой гэдгийг Гамшгаас хамгаалах тухай хуулийн үндэслэлүүдээр тайлбарлаад түүний орлогч Ж.Сандагсүрэн идэвх чармайлттай ажилласныг дурдав. 

Учир нь НОК иргэний амьд явах эрхийг ноцтой зөрчсөн, ард иргэдийг бухимдуулах шийдвэрүүд олноор гаргасан тул хариуцлага нэхэх цаг болсныг тэрбээр хэлсэн. "Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарыг манлайлах байх гэсэн манлайлсангүй. Иргэдтэйгээ ойр байж чадсангүй. ИТХ энэ хүнээс хариуцлага нэхэх цаг болсон гэж бодож байна. Орлогч дарга Сандагсүрэн идэвхтэй ажиллаж байсныг онцолж байна. 

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь хүний амьд явах эрхийг зөрчихгүй, хүнлэг бус хэрцгий хандахгүй байхаар хуульчилсан. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 5.5.1-д гамшгаас хамгаалах ажлын хүмүүнлэг шуурхай ил тод хариуцлагатай байх тухай заалтыг зөрчсөн" гээд цар тахлын үед хотын дарга чиг үүргээ биелүүлж чадаагүй гэж дүгнэж байгаагаа хэлсэн.

"Алдаа байвал хамтдаа иргэдийнхээ төлөө ярилцаж, шийдээд явья, хотын даргын хаалга нээлттэй"

Тэгвэл Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өөрийн цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ.

Ажил аваад 100 гаруй хонож байгаа надтай бэлтгэл муу, хариуцлагагүй байна гээд байгааг улс төрийн зорилготой захиалгат...

Posted by Долгорсүрэнгийн Сумъяабазар on Tuesday, February 9, 2021

Тэрбээр "Ажил аваад 100 гаруй хонож байгаа надтай бэлтгэл муу, хариуцлагагүй байна гээд байгааг улс төрийн зорилготой захиалгат үйлдэл гэж үзэхээс өөр арга алга. Гох дэгээ тавьж суудаг цаг биш. Сонгуулиар эрхээ авсан улсууд нь ачаагаа үүрээд явж байна.

Хот цаашид иргэдээ хязгаарлах бус илүү нээлттэйгээр өвчнөөс сэргийлэх, эдийн засгаа дэмжих чиглэлд түлхүү анхаарч ажиллахад бэлтгэлээ хангаж байна. Ийм үед ХҮН улстөржиж байгаад харамсаж байна. Алдаа байвал хамтдаа иргэдийнхээ төлөө ярилцаж, шийдээд явья, хотын даргын хаалга нээлттэй. Харин захиалгатай, зорилготой улс төрд бол би гар барихгүй шүү. Хүн шиг байцгаамаар байна. ХҮН намынхаан" гэжээ. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр зарим албан тушаалтанд хариуцлага тооцож, чөлөөлөхөөр болсон бөгөөд үүнд хотын даргын Нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн багтсан. Түүний оронд Цагдаагийн ерөнхий газрын дарга асан Р.Чингисийг томилохоор болоод буй. 

НИТХ-ын ээлжит хурал:

https://fb.watch/3ziud4z06r/