Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

Токио 2020 олимпын наадмын тамирчдад гар барих, тэврэлдэхийг зөвшөөрөхгүй ч 150,000 бэлгэвч тараахаар болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Ирэх зун Японы нийслэл Токио хотод зохион байгуулагдах зуны олимпын наадмын үеэр мөрдөх тамирчдын “вирусийн гарын авлага”-ыг өчигдөр зохион байгуулагчид нь танилцуулжээ.

33 хуудас уг баримт бичиг нь Токио 2020 зуны олимпын наадмыг аюулгүй зохион байгуулахад чиглэж байгаа бөгөөд зөрчсөн тамирчдыг шууд тэмцээнээс хасахаар тусгасан байна.

Тамирчид Японд ирэхээсээ өмнө 72 цагийн дотор шинжилгээ өгсөн байх шаардлагатай ба ирмэгцээ дахин шинжилгээ өгөх гэнэ.

Олимпын хотхонд байх хугацаандаа дөрвөн хоног тутамд шинжилгээ өгч байхаар болжээ. Хэрвээ шинжилгээний хариу нь эерэг гарвал тэмцээнд оролцохыг нь шууд хориглох гэнэ.

Мөн тэмцээний үеэр болон бусад үед тамирчид хоорондоо гар барих, тэврэлдэх зэргээр аль болох хүрэлцэхгүй байхыг гарын авлагад зөвлөсөн байна. Сонирхолтой нь хэдийгээр ийм зөвлөмж гаргасан ч уламжлал ёсоор зохион байгуулагчид олимпын хотхонд 150,000 бэлгэвч үнэгүй тараахаар болжээ.

Хотхонд байх хугацаандаа бэлтгэлээс бусад үед амны хаалт зүүх ёстой ба хотхоноос гадагш гарахыг хориглох юм байна. Харин энэ удаагийн наадамд оролцох тамирчдад коронавирусийн эсрэг вакцин хийлгэх шаардага тавихгүй байхаар болжээ.

Тамирчид, албаныханд үйлчлэх вирусийн гарын авлагыг дөрөвдүгээр сард дахин нэг хэлэлцээд зургаа дугаар сард эцэслэн тогтох юм байна.

Зуны олимпын наадам долдугаар сарын 23-ны өдөр Токио хотод нээгдэнэ.

 

Эх сурвалж: AFP