Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Цэцэгмаа: Ковидын үед хотоос зайдуу байрлалтай хаус худалдан авалт нэмэгдсэн

ikon.mn
2021 оны 2 сарын 8
Сурталчилгаа

Сэргээгдэх эрчим хүчний инженер мэргэжилтэй ч багаас дурласан үл хөдлөхийн салбартаа үнэнчээр хөдөлмөрлөж, амжилтаараа гялалзаж яваа залуу захиралтай уулзаж ярилцлаа. Тэр нярайлаад удаагүй ч өөрийгөө хөгжүүлэх зав чөлөөг заавал өөртөө гаргаж чадаж буй эрч хүч, энерги цалгиулсан 90-ээд оны төлөөлөл. Ингээд үл хөдлөхийн салбартаа зүрхнээсээ дурласан, RE/MAX ONE оффисын брокер эзэмшигч Б.Цэцэгмаатай хуучилснаа хүргэж байна.

-Юуны тулд франчайз бизнесийг эхлүүлсэн билээ, бидэнд олон улсад гарах боломж байгаа-

-Та үл хөдлөхийн салбарт ажилласан өрнүүн туршлагатай юм билээ.

-Би 2013 оноос хойш энэ салбарт найман жил ажиллаж байна. Багахан зах зээлд, цөөхүүлээ ажиллаж байгаад RE/MAX SKY оффист агентаар жил гаруй хугацаанд ажилласан.  Цалингүй, гэхдээ хийснээрээ цалинждаг системтэй учраас өөрийгөө сорьж үзмээр санагдсан. Өөрийгөө үл хөдлөхийн салбарын хаахна явааг мэдэх гэж RE/MAX-т анх орж байлаа. Орж ирэхэд хамгийн түрүүнд олуулаа, маш хүчтэй байдал нь таалагдсан. Нэг үл хөдлөх хөрөнгийг зарах гээд ганцаараа санаа алдаад яваад байх биш хамтын ажиллагааны систем нь  их гоё. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн 40-50 жилийн нау хауг сургалтаар зааж байгаа нь бас илүү давуу талтай. Ингэж RE/MAX-т “дурласаар” өөрийнхөө RE/MAX ONE оффисыг нээгээд хоёр жил болж байна.

 

-Агент тууштай хүний хийх ажил юм шиг санагддаг. Та хэрхэн ажилладаг байв?

-Агент сэтгэлзүйч шиг л ажилладаг. “Энэ хүнд ямар үл хөдлөх хөрөнгө таалагдах бол” гэдгийг мэдрэх нь чухал. Хүн амьдралдаа 2-3 удаа л үл хөдлөхөө солино. Түүнээс автомашин, гар утас шиг жил бүр солино гэж байхгүй. Тэгэхээр хүний амьдралдаа оруулж байгаа чухал хөрөнгө оруулалтад нь агент маш сайн зөвлөх ёстой. Тухайн үл хөдлөхийг хөрөнгө оруулалтын  маягаар авч байгаа гэдгийг нь ойлгуулах чухал. Тийм учраас агент зах зээлээ мэдэрдэг, мэдлэгтэй байх ёстой. Хүн үл хөдлөх хөрөнгө хараад л “Өө авчихъя” гэдэггүй. Хоёр, гурван долоо хоног, хоёр гурван сар ч явна. Тэр бүх хугацаанд уйгагүй, тууштай байх чадварыг агентаас шаардана. Би агент байхдаа ганц бие ч байсан, өдөр шөнөгүй ажилладаг байлаа. Өглөө хамгийн эрт ирээд, хамгийн орой явна. Үл хөдлөх хөрөнгийн салбартаа үнэхээр дуртай байсан учраас ядардаггүй, түүртдэггүй улам л сонирхолтой санагддаг байсан.

-Хэн нэгний хүсэл сонирхолд нь нийцсэн байрыг олж өгөөд талархал сонсох сайхан байх даа?

-Тийм шүү. Цөөнгүй харилцагч нараасаа сэтгэлийн бэлэг авч байсан. RE/MAX-т ороод хийсэн анхны гүйлгээний тухай дурсмаар байна. Уг нь надад үл хөдлөхийн салбарт ажиллаж байсан туршлага байсан ч RE/MAX-т орж ирээд хаана байгаагаа мэдсэн. Эхний сар бараг гүйлгээ гаргаагүй явж байгаад “Ривер гарден” хотхон дээр 645 сая төгрөгийн гүйлгээ хийсэн. Тухайн үл хөдлөх хөрөнгийг зарж байсан эгч намайг маш гоё урамшуулаад “Миний дүү нэг ч минут хоцрохгүй, яг цагтаа ирлээ. Тийм учраас би чамтай үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэрээ хийнэ” гэсэн. Ингээд RE/MAX Platin оффисийн Уянга эгч гээд мундаг агенттай хамтарсан гүйлгээ гаргаж байлаа. RE/MAX-ын давуу тал энд байгаа юм. Би 645 сая төгрөгийн гүйлгээг ганцаараа гаргахгүй өөр оффисын агенттай хамтран ажиллахад маш хурдацтай, найдвартай болоод ирж байгаа юм. Энэ бол франчайз бизнесийн давуу тал.

 

-Анхны гүйлгээгээ гаргаад их баярласан биз?

-Тэгэлгүй яах вэ. Тухайн үед RE/MAX SKY оффис дөнгөж нээгдэж байсан. Тэр үед нь анхны гүйлгээг гаргаад хамтдаа баярлаад хамт олноо дайлаад их л гоё байсан. Ер нь бид аливаа зүйлд бие биенээ маш сайхан дэмждэг. Хүн хийж л чадвал эндээс ашиг, орлого олох боломжтой. RE/MAX-ын агентуудыг тогтмол орлогогүй бизнес эрхэлдэг гэж хараад байдаг. Гэтэл хийж л чадвал чадварлаг агентууд сард багадаа 10 гүйлгээ хийгээд тогтмол орлоготой байж чадаж байна. Зарим агентууд сард 10-30 гүйлгээ хийдэг. Тухайн хүний хүчин чармайлт, ажиллах процессоос шалтгаалж байгаа юм.

-Таны хувьд тогтмол орлоготой болсон учраас оффисоо нээхээр зориглов уу?

-Мэдээж өөрийн гэсэн оффисоо нээн сайхан хамт олон бүрдүүлж ажиллах хүсэл нилээн их байсан яг тэр үед Бизнес хамтрагч Бямбажав маань надад санал тавьсны дагуу бид хамтраад маш хурдан франчайз гэрээнд гарын үсэг зурсан.  Би RE/MAX-ын жил бүр Лас-Вегаст болдог арга хэмжээнд оролцон амжилттай ажиллаж байгаа олон улсын үл хөдлөхийн бизнес эрхлэгчид франчайз бизнесийн захиралууд агентуудтай уулзаж их туршлага судалж  явж ирээд л оффисоо нээсэн дээ.

-Тэндээс юуг олж харав?

-RE/MAX, дэлхийн үл хөдлөхийн салбарын зах зээл ямар том юм бэ. Бид зөвхөн Монгол Улсад ажиллахаас илүү олон улсад гарах боломж байгаа юм байна шүү дээ гэдэг бодолтой ирсэн. Юуны тулд франчайз бизнесийг эхлүүлсэн билээ. Бидэнд олон улсад гарах боломж байгаа. Жилийн өмнө RE/MAX Mongolia бүсийн анхны олон улсын гүйлгээ гарсан.

 

-RE/MAX мянган хүний нөр их хөдөлмөрөөр хэрэглэгчдээ сургасаар байна-

-Агентын ажил хэнд илүү зохимжтой бол?

-Хэлцэл хийж чадах хүн болгонд тохиромжтой. Ялангуяа даатгалын ажилчид, банкны ажилтнуудад тохиромжтой. Цалинтай сэтгэхүй хүнийг ажлын цаг хүлээдэг болгочихдог. RE/MAX-т бол хэдий хэр цаг зарцуулна, төдий хэрээр орлого олох боломж байдаг. Агентууд өөрсдөө цагийн менежментээ зохицуулдаг учраас  ядарлаа гэж хэлдэггүй. Ер нь хүн дуртай зүйлдээ л цаг зарцуулж чаддаг. Гадны агент, риалторууд ихэвчлэн нас тогтсон хүмүүс байдаг юм билээ. Манай хүргэн ах АНУ-д барилгын салбарт ажилладаг хүн бий. Ахын маань охин саяхан тэнд хаус худалдан авсан. Охин нь залуу хүн учраас залуучуудтай ойлголцоход амар гэхэд аав нь настай хүнтэй ойлголцох амар гэдэг зүйлийг хэлж байсан. Тэгэхээр үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт ажиллах хүнд нас огт хамаагүй. Манай агентууд дунд 21-50 настай ч хүн бий. Би өөрөө эрчим хүчний инженер мэргэжилтэй. Гэхдээ мэргэжлээрээ ажиллаж байгаагүй. Багаасаа л үл хөдлөх хөрөнгийн салбарт дуртай байсан. Оюутан байхдаа UA Consulting LLC үл хөдлөхийн компанид ажилладаг байлаа. Тухайн үед маш хүнд нөүтбүүкээ цүнхлээд өдөр болгон үүрч явдаг байлаа. Дадлагын оюутан болохоор ширээ ч байхгүй. Сандал гуйж суугаад ажилладаг байсан. Бас цалингүй. Гэхдээ л би өөрөө маш дуртай байсан учраас өдөр бүр хичээлдээ яваад, ажлаа хийгээд гүйдэг байсан.

-Зуучлалын салбарын юу таныг тэгтлээ дурлуулчихав?

-Түрүүн хэлсэнчлэн үл хөдлөхийн салбарт маш дуртай бүүр хайртай гэж хэлж болно. Хүмүүст үл хөлдөх хөрөнгийн асуудал гарахад тусална, зөвлөнө. Тэгэх бүрд хүний нүд тайлагдана. Хамгийн чухал нь хүнд зөвлөх нь надад их гоё санагддаг. Одоо бол франчайз эзэмшигчийн хувьд агентууддаа зөвлөх нь сайхан санагддаг. Агентууд маань амжилттай ажиллахыг харах л аз жаргал болоод байна шүү дээ. Зуучлалын салбарын ер нь хамгийн том салбар нь үл хөдлөх хөрөнгийн салбар гэж хэлж болно. Дэлхийн ихэнх тэрбумтан саятангууд үл хөдлөхийн бизнесээр хөрөнгө босгосон байдаг.

-Танайх хэдэн агенттай вэ. Оффисын өнөө жилийн зорилго, төлөвлөгөөг товч дурдахгүй юу?

-Манай оффис одоогоор 16 агенттай үйл ажиллагаа явуулж байна. Жилийн эцэст 50-60 агенттай болох зорилготой байгаа. RE/MAX агент төвтэй бизнес. Тиймээс энэ жил агентуудаа илүү хөгжүүлээд тэд маань санхүүгийн эрх чөлөөнд хүрээсэй гэж хүсч байна. Мөн бизнесийн цар хүрээгээ илүү тэлж анхдагч зах зээл рүү илүүтэй орж ажиллана гэж төлөвлөөд байгаа. Манай оффисийн агентууд их хөгжилтэй нийтэч нэгнийгээ гэсэн сэтгэлтэй гоё хамт олон байдаг дээр нь бүгд царайлаг . Агентууддаа би маш их хайртай байдаг тэдэнтэйгээ хамтдаа баярлаж хамтдаа инээж үнэхээр гоё байдаг. Тэд минь аз жаргалтай ажилаа хийж амжилт гаргахад өөрөөс нь илүү баярладаг юм. Манай оффист ажиллахыг хүссэн хэн бүхэнд бид маш таатайгаар хүлээн авдаг мөн агентууд маань шинэ хүмүүсдээ тусалж дэмжин хамтран ажилладаг.

 

-Мэргэжлийн агентад хандсанаар ямар давуу талтай вэ?

-Эмэгтэй хүн талаасаа ярихад бид мэргэжлийн гоо сайханаар үйлчлүүлж байж л сэтгэл ханамж авдаг. Агент ч гэсэн илүү мэргэжлийн байж хүнд сэтгэл ханамжийг өгнө. Харилцагч нар яагаад агентад ханддаг вэ гэхээр цаг заваа хэмнэнэ. Хэмнэсэн цагаа өөрийн ажилдаа зарцуулна. Гүйлгээ гаргахад татвараа төлөх, Улсын бүртгэл дээр нэр шилжүүлэх зэрэг бусад бүх ажлыг агентууд хийж өгдөг. Нөгөө талд авч байгаа хүмүүс ч өөрийн хүссэн байрыг хүссэн төлбөрийн нөхцөлөөр авахад агент тусална. Монголд RE/MAX орж ирэхээс өмнө үл хөдлөх зуучлалын салбарт хүмүүс таагүй ханддаг байсан. Энэ ойлголтыг RE/MAX өөр түвшинд аваачсан гэж би хувьдаа хардаг. Одоо ч хэдэн мянган хүний нөр их хөдөлмөрөөр хэрэглэгчдээ сургасаар байна. Бид хийсэн ажлынхаа хөлсийг шударгаар тооцуулдаг шүү гэдгийг мэргэжлийн үйлчилгээ, сэтгэл ханамж үзүүлээд ойлгуулж байгаа. Аль аль талдаа сэтгэл ханамжтай байлгах нь агентын хөдөлмөр. RE/MAX-ын 1000 агент байв ч өдөр ирэх тусам  тэлж байгаа үл хөдлөхийн салбарт хүрэлцэхгүй байгаа хэдий ч нийт 75 хувь нь “эзгүй” хэвээр байгаа учраас ажиллах орон зай хоосон хадгалагдсаар байна.

- RE/MAX-ын франчайзыг эмэгтэйчүүд ихээр сонирхож байна-

-Та багадаа ямар хүүхэд байв?

- Аав минь намайг хүн чанартай хүн болгон хүмүүжүүлж өсгөсөн. Хүн хүнтэй л харьцдаг түүнээс ямар нэгэн байр ч юм уу газартай харьцахгүй шүүдээ тиймээс хүн чанараа хэзээ алдаж болохгүй гэж сургадаг байсан юм. Тиймээс ч би багаасаа л нийгмийн идэвхитэй хүүхэд байсан. Нийгмийн сайн сайхны төлөө “Өөрөөсөө давж бусдад тусалъя” гэсэн уриатай ротаракт олон улсын байгууллагад сайн дураараа байдаг байсан энэ мэтчилэн их зүйлд байнга л явдаг байсан даа. Хүнд туслаад, нийгмийн оролцоо нэмэгдээд ирэхээр хүн их өөр өнцөгөөс юмыг хардаг болдог  билээ.

-Ингэж  асуусан минь учиртай. Брокер эзэмшигч болоход хувь хүний зан төлөв, хичээл зүтгэл нөлөөлдөг болов уу?

-RE/MAX намайг маш их өөрчилсөн. Хувь хүнийхээ хувьд шударга,  худлаа ярьдаггүй цаг сайн баримталдаг. Нэг л зангаараа байдаг маань давуу тал болов уу гэж боддог. Хийе гэсэн бол үр дүнг нь үзэж байж дуусгадаг. Хувийн шалтгаанаар аливаа ажлыг хойшлуулахыг хүсдэггүй. Хүнд чин сэтгэлээсээ хандахыг хүсдэг. Анх орж ирж байгаа агентад тийм амар салбар биш. Гэхдээ ажиллаад хичээгээд байвал чамд үр өгөөжөө өгнө. Чадах хүртэл тань дэмжинэ гэж л хэлдэг дээ. Дэмжиж ч өгдөг шүү. 

 

-Тууштай зүтгэвэл амжилтад хүрдгийн тод жишээ та санж. Өөрийгөө хөгжүүлэх тал дээр хэрхэн анхаарч байна вэ?

- Би  завгүй байсан ч байнга өөрийгөө хөгжүүлэх тал дээр өөр дээрээ их ажилладаг байнга л сургалт семинарт суудаг. Ер нь “Ковид-19” халдварыг маш том боломж гэж хараад байгаа. Заавал очихгүй, заавал уулзахгүйгээр алсын зайнаас амжуулж болж байна. Хатуу хол хорионы үед 14 хоногт нэг сургалтад хамрагдсан. Сүүлийн үед нилээд сургалтанд сууж байгаа. JCI байгууллагын хэрхэн манлайлах талаар сургалтуудад хамрагдаж байна. Би дөнгөж төрчихөөд нэлээд сургалтад онлайнаар хамрагдсан Хүүхдээ харангаа чихэвчээ зүүгээд сургалтад суугаад, тэмдэглэл хөтлөх зэргээр суралцаж байлаа. Өөрөө хөгжихгүй бол бусдад нөлөөлж чадахгүй шүү дээ. Өнгөрсөн жил Япон улсад очиж олон улсын реалторуудын чуулганд оролцоод ирсэн. Хэрэв коронавирус гараагүй бол олон улсын чуулган, уулзалтад оролцоод суралцаад явахыг хичээдэг.

-Та тун саяхан амаржсан. Ажил, амьдралын балансыг хэрхэн тэнцүүлж байна вэ?

-RE/MAX-ын франчайз бага насны хүүхэдтэй эмэгтэйчүүд цагийн менежментээ өөрөө зохион байгуулах боломжтой. Би өглөө заавал 09.00 цагт ирэхгүй, түр зуур ээждээ эсвэл өөр хүнд хүүхдээ даатгаж орхиод чухал уулзалтууд дээрээ хүрээд ирж болно. Тэр утгаараа RE/MAX-ын франчайзыг эмэгтэйчүүд ихээр сонирхож орж ирээд амжилт гаргаж байна. Дөнгөж төрөөд 14 хоноод сар болоод ажилдаа орж байгаа эмэгтэйчүүд манайд олон бий.

 

-Үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарын ирээдүйн хөгжлийг хэрхэн харж байна вэ?

-Эерэгээр харж байгаа. Зөвхөн Их дэлгүүр, Сүхбаатарын талбайд хотын төв байхаа больчихоод байна. Яармагт шинэ хотын захиргаа баригдчихлаа. Хот тийш тэлж байна. Энэ хэрээр хүмүүсийн үл хөдлөх хөрөнгийн сонирхол ч өргөн цар хүрээгээр тэлж байгаа. Хот тэлэхийн хэрээр хүмүүс орон сууцанд амьдрахаа болиод хаус зэрэг өөрийн гэсэн эзэмшилтэй орчинг хүсээд байна. Коронавирусийн нөлөөллийн улмаас хотоос зайдуу эзэмшилтэй худалдан авалтыг хийж эхэллээ. Тухайлбал коронавирусийн үед хотоос зайдуу хаус худалдан авалт ихээр хийгдсэн.

-Ярилцсанд баярлалаа. Таны бизнест амжилт хүсье.

Г.Тэгшсүрэн

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.