Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ сард дэлхийн гурван улсын судалгааны станц Ангараг гарагт хүрэх гэж байна

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 2 сарын 8
iKon.MN
Зураг зураг
АНЭУ-ын Hope хөлөг

Энэ сард Ангараг гарагт дэлхийн гурван улсын судалгааны станцууд дараалан хүрэхээр бэлдэж эхэлжээ.

Маргааш буюу Мягмар гарагт Арабын Нэгдсэн Эмират Улсын илгээсэн Hope хөлөг , нэг өдрийн дараа Хятадын Тянвэн-1 хөлөг Ангараг гарагийн тойрог замд орох юм.

Эдгээрээс гадна АНУ-ын Perseverance судалгааны станц хоёрдугаар сарын 18-ны өдөр Ангарагийн гадаргуу дээр буух төлөвлөгөөтэй байна.

1960-аад оноос хойш дэлхийн хэд хэдэн улс Ангараг гараг руу хөлгүүдээ илгээж байсан ч тэдгээрийн тал орчим нь бүтэлгүйтэж байжээ.

Ангараг гарагт судалгааны станц буулгах нь маш хэцүү ажил юм. Нэгдүгээрт уг гараг дэлхийгээс олон сая километрийн алсад оршдог.

Хоёрдугаарт Ангараг гарагийн агаар мандал нягтрал багатай тул станц газардуулахад маш хэцүү. Хэчнээн том шүхэр хэрэглэсэн ч станц хүчтэй газардаж, эвдрэх магадлал өндөр ажээ.

Тиймээс Ангарагийн агаар мандлын дээд хэсэгт 5,800 м/секунд хурдтай орж ирсэн SUV автомашины хэмжээтэй, нэг тонн гаруй жинтэй станц гадаргууд буух хүртлэх хугацааг NASA “аймшигт долоон минут” гэж нэрлэдэг байна.

Агаар мандалд орж ирсэн станц эхлээд асар том шүхэр задалж, уналтын хурдаа бууруулна. Үүний дараа “sky crane” буюу тэнгэрийн өргөгч гэж нэрлэгдсэн төхөөрөмж тийрэлтэт хөдөлгүүрүүдээ ажиллуулж, уналтын хүчийг улам бууруулах юм.

Ангарагийн гадаргаас 20 метрийн өндөрт хүрэх үед “sky crane” олсоор станцыг аажмаар доош буулгах ажээ. Станц газардсаны дараа “sky crane” олсоо таслаад нисэн холдох юм. “Sky crane” нь Ангарагийн гадарга дээр унаж хаягдах ёстой бөгөөд ингэхдээ Perseverance станцын аюулгүй байдалд нөлөөлөх ёсгүй ажээ.

Үүний дараа л NASA газардах ажиллагаа амжилттай болсон тухай мэдээ хүлээж авах гэнэ.

Арабын Нэгдсэн Эмират Улсын хөлөг нь харьцангуй энгийн зорилготой. Тус хөлөг Ангарагт станц буулгахгүй, зөвхөн тойрог замд судалгаа хийх юм.

Харин Хятадын Tянвэн-1 хөлөг NASA-тай ижил судалгааны станцаа буулгах зорилготой байна.

Хэрвээ амжилттай болбол Хятад улс нь АНУ-ын дараа Ангараг гарагийн гадаргууд робот станцаа буулгасан хоёр дахь улс болж түүхэнд бичигдэнэ.

 

Эх сурвалж: The Guardian