Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс (ӨАБНУ) хүн амыг дархлаажуулах хөтөлбөртөө AstraZeneca компанийн вакциныг хэрэглэхийг хойшлуулах шийдвэр гаргажээ.
Учир нь уг вакцин тус улсад тархаад байгаа коронавирусийн мутацлагдсан шинэ хувилбараас муу хамгаалж байгаа нь туршилтаас харагдсан байна.
Өмнөд Африкт өнгөрсөн оны сүүлээс эхлэн 501Y.V2 нэртэй коронавирусийн шинэ хувилбар тархаж, цар тахлын хоёрдугаар давалгааг үүсгээд байгаа. Тус улсад хэрэгжсэн AstraZeneca компанийн вакцины туршилтын сүүлийн үр дүнгээс харвал уг вакцины шинэ хувилбарын эсрэг дархлаа тогтоох чадвар дөнгөж 22 хувьтай гарсан байна.
Шинэ хувилбар гарахаас өмнөх үеийн туршилтын үр дүн 75 орчим хувьтай байжээ. Тиймээс дархлаажуулалтын хөтөлбөртөө AstraZeneca вакциныг яаж хэрэглэх талаар эрдэмтдийн багийнхаа зөвлөмжийг хүлээх хэрэгтэй болсныг тус улсын эрүүл мэндийн сайд Звели Мхизе өчигдөр мэдэгдсэн байна.
Үүнээс нэг өдрийн өмнө буюу Бямба гарагт AstraZeneca компани вакцинаа 501Y.V2 хувилбарын эсрэг дархлаа тогтоодог болгон сайжруулж байгаагаа мэдэгдсэн юм.
ӨАБНУ нь 40 сая орчим хүн амынхаа гуравны хоёрыг вакцинжуулах төлөвлөгөөтэй байгаа ч дархлаажуулалтын хөтөлбөрөө албан ёсоор эхлүүлээгүй байна.
Тус улс Энэтхэгийн вакцин үйлдвэрлэгч Serum Institute-ээс AstraZeneca компанийн нэг сая тун вакциныг энэ долоо хоногт хүлээж авах бөгөөд эхний ээлжинд эмнэлгийн ажилтнуудаа хамруулахаар төлөвлөж байсан юм.
Харин одоо Johnson & Johnson, Pfizer/BioNTech компаниудын вакциныг ирэхийг хүлээхээр болж байна.
Дээрх компаниудын вакцинууд ойрын нэг сарын дотор нийлүүлэгдэхээр байгааг Мхизе сайд өчигдөр мэдэгджээ.
Эх сурвалж: Reuters