Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Орост Путиний хүрээллийнхэн улсаас хулгай хийдэг авлига давамгайлдаг бол Монголд ТӨК-уудыг цөлмөдөг авлига давамгайлж байна"

Р.Оюун, iKon.mn
2021 оны 2 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

“Транспэрэнси Интернэшнл” байгууллагаас дэлхийн 180 орны төрийн албан дахь авлигын талаар шинжээч, бизнес эрхлэгчдийн төсөөлөлд үндэслэн Авлигын төсөөллийн индексийн 2020 оны дүнг танилцуулсан. Энэ дүнгээр Монгол Улсын авлигын төсөөлөл ямар байгаа талаар "Транспаренси Интернэшнл Монгол" ТББ-ын гүйцэтгэх захирал О.Батбаяртай дэлгэрэнгүй ярилцлаа.



-Манай улс чухам ямар үзүүлэлтүүдээр байр ухарсан бэ? Энэ нь юунаас шалтгаалж байна гэж үзэх вэ?

-Манай улс энэ онд 35 оноо авлаа. Өнгөрсөн оны үзүүлэлт мөн 35 оноо байсан. Хамгийн гол нь оноо байдаг. Улс орнуудын жагсаалт нь бол чухал биш, учир нь өөр орнуудын оноо өсөхөд энэ байр өөрчлөгдөг. Манай хувьд 9 эх сурвалжаас оноо өгдөг. Зарим оноо өссөн ч 3 эх сурвалжийн оноо буурсан. Үүнд

  1. Монгол улс Авлигын индекс дээр оноо алдсан нэг эх сурвалж бол 2020 World Justice Index буюу Хууль дээдлэх ёсны индекс юмШүүх дэхь авлига ба улс төрийн нөлөө гэдэг үзүүлэлт дээр оноо алдаж манай индекс буурсан нь энэ индексээс эх сурвалжаа хийдэг 2020 авлигын индекс буурахад нөлөөлжээ.
  2. Мөн бас нэг оноо алдсан буюу Монгол улс Авлигын индекс дээр оноо алдсан хоёр дахь эх сурвалж бол 2021 оны The Global Risk report юм. Тухайн улсын байгаль орчны, нийгмийн, эрүүл мэндийн, эдийн засгийн гэх мэт гэсэн эрсдэлийг үнэлдэг ба авлигатай холбоотой үзүүлэлтийг авлигын индексд ашигладаг. The Global Risk report-ын тухайд жишээ нь байгаль орчинд эрсдэл учирдаг, нийгмийн эрүүл мэндийн салбарт эрсдэл учирдаг, цар тахалтай тэмцэх чадвартай эсэх гэх мэт эрсдэлийг үздэг. Учир нь ийм эрсдэл учирдаг улс бол авлигатай гэж үздэг.
  3. Монгол улс Авлигын индекс дээр оноо алдсан гурав дэх сурвалж бол 2020 EIU Country risk service юм. Тухайн улсын Sovereign risk, banking sector risk, economic structure risk, political risk гэсэн эрсдэлийг үнэлдэг ба авлигатай холбоотой үзүүлэлтийг авлигын индексд ашигладаг. Тодруулбал, тухайн улсын тусгаар тогтнол, банкны салбар болон эдийн засгийн салбар, улс төрийн гэсэн эрсдэлийг үнэлдэг. 

Авлигатай холбоотой эдгээр үзүүлэлт буурсан нь 2020 онд авлигын индекс буурахад нөлөөлжээ. Өөрөөр хэлбэл, авлигаас шалтгаалан тусгаар тогтнол, банк санхүү, эдийн засагт нь эрсдэл учрах эрсдэлтэй улс гэсэн дүгнэлт авсан гэсэн үг. 

-Хууль дээдлэх ёсны индекс, ардчиллын олон талт байдлын төсөл, мэдээллийн албаны улс орнуудын эрсдэлийн үнэлгээ 3-4 оноогоор буурсан байна. Үүнийг та энгийн үгээр тайлбарлаж өгнө үү. 

-Үүнд Монгол улс Авлигын индекс дээр оноо алдсаныг дээр дурдсан. Тус индексийн "Шүүх дэх авлига ба улс төрийн нөлөө" гэдэг үзүүлэлт дээр оноо алдаж манай индекс буурсан нь энэ индексээс эх сурвалжаа хийдэг 2020 авлигын индекс буурахад нөлөөлсөн гэсэн үг.

Шүүх засаглал нь улстөрчдийн захиалгаар шийдвэр гаргах эрх зүйн орчинтой, авлига авах боломжтой эрх зүйн орчинтой байна гэж дүгнэсэн хэрэг.

Сая батлагдсан хуулиуд энэ цоорхойг хаасан тул ирэх оноос оноо сайжрах болов уу гэж найдаж байна. 

-Үзүүлэлтүүдээ сайжруулахын тулд Монгол Улс нэн түрүүнд юу хийх шаардлагатай вэ? Нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн салбарт гэх мэт... 

-Эрх зүйн талаас авлигын эх сурвалж болсон Улс төрийн намуудын хууль, Төрийн өмчит компанийн тухай хууль, Уул уурхайн ил тод байдлын тухай хуулийг батлах, дээрх авлигыг мэдээлж хянаж байдаг Шүгэл үлээгчийн хууль, ашиг хүртэгч буюу эцсийн эзэмшигчийн мэдээллийг ил тавих эрх зүйн орчныг бүрдүүлэх, мөн худалдан авалтыг авлигаас ангид болгох асуудлыг шийдэх хэрэгтэй байна. 

-Авлигын индексээр ухарсан ч ахиц гарсан зүйлс бас байгаа юм байна. Тэр талаар товч танилцуулахгүй юу?

-Манай улсын зээлжих зэрэглэлтэй холбоотой, ардчилалтай холбоотой, мөн өрсөлдөх чадвартай холбоотой үзүүлэлтүүд 1-2 оноогоор өссөн. Тухайлбал, Саарал жагсаалтаас гарсан, зээлжих зэрэглэл сайжирсан гэх мэт үзүүлэлтүүд нөлөөлсөн байгаа. 

-Авлигын үзүүлэлтээрээ онооны хувьд хэвээр байгаа ч байр ухраад байгаа нь ямар эрсдэлд хүргэх вэ? 

-Авлигын индекс 40 онооноос доогуур орнуудын нэг эрсдэл бол авлигын нөхцөл байдал улам муудах, дордох хандлагатай байдаг гэж судлаачид анхааруулдаг. Учир нь эдгээр оронд ардчиллын институтүүд болох Аудитын байгууллага, Шүүх засаглал, Сонгуулийн ерөнхий хороо, гүйцэтгэх засаглал, парламент, улс төрийн намууд нь авлигад үхширтлээ идэгдсэн нийтлэг зураглал байдаг. 

Орост Путиний ойрын хүрээллийнхэн улсаас хулгай хийдэг авлига давамгайлдаг бол Монголд Төрийн өмчит компаниудыг нам, бүлэглэлүүд нийлэн тонож цөлмөдөг авлига давамгайлж байна.

Ийм учраас Төрийн өмчит компанийн хуулийг яаралтай батлан гаргах зайлшгүй шаардлага байна. Учир нь цаашид 1996 оны Компанийн тухай хуулиар зохицуулах боломжгүй болж байна. Улс төрийн намууд авлигын эх уурхай, хамгийн авлигажсан институт болж төлөвшсөн тул зайлшгүй хуулийн өөрчлөлт хийж, санхүүжилт нь төсвөөс гардаг, цомхон, бодлогын институт болгох хэрэгтэй. Нам авлигач залуусыг төрийн өмчит компани руу илгээдэг, мөн тэндээс санхүүжилтээ босгодог боллоо.

Шийдэл бол улс төрийн маш их зориг хүсэл, эрмэлзлэл, манлайллаар авлигыг устгах оролдлого хийх, мөн эрх зүйн орчны шинэчлэл хийх юм. Монгол шиг жижигхэн улсад авлигыг устгахад 1-2 жил хэрэгтэй гэж Хонг Конгийн Авлигын чиглэлээр манай улсад олон жил ажиллаж, зөвлөгөө өгч буй зөвлөх хэлснийг санах хэрэгтэй.

-Авлигын индексийн дүн ба эрүүл мэндийн салбарын хамаарлын талаар та ярихгүй юу. Ялангуяа, цар тахлын нөхцөл байдал авлигад хэрхэн нөлөөлсөн бэ? 

-Авлигын индексийг энэ жил зарлахдаа нэг онцолсон зүйл бол КОВИД-19 цар тахал авлигын нөхцөл байдал ямар байгааг тод харуулах боломжийг улс орнуудад олголоо гэдгийг хэлсэн. Учир нь КОВИД-19 цар тахалтай холбоотой худалдан авалт ба зээл тусламжийн зарцуулалт, түүнээс улбаатай цар тахалтай хийж буй тэмцлийн үр дүнг шууд хэмжих боломж олгосон. Авлига их орнууд чанаргүй оношлуур ба эм худалдан авч, халдварын тархалтыг хянаж чадахгүй алдаж байгаа, нас баралт өндөр байгаа дүр зураг харагдаж байгаа

Бас нэг онцолсон зүйл бол авлигын индекс оноо бага орнуудад хавдрын өвчлөл ба зүрх судас, мөн амьсгалын замын нас баралт өндөр байгаа нийтлэг зураглал харагдсан. Энэ нь манай улсад ч бас хамаатай. Учир нь хавдар, зүрх судас, амьсгалын замын шаардлагатай аппарат, тоног төхөөрөмжийг авлигаас болоод авч чаддагүй, авсан ч чанаргүй мууг авдаг, тэр нь дороо эвдэрдэг, авч буй эм нь чанаргүй, оношлуур, лабораторийн бодисууд нь муу л гэсэн үг. Үүнээс болоод иргэд нь үхэж байдаг гэсэн үг.

Бид ИРИМ байгуулагтай хамтран Говь-Сүмбэр аймагт Чанартай эм ба чанартай оношлуур төсөл, мөн 11 аймагт эмийн худалдан авалтад иргэний нийгмийн хяналт тавих ажлыг АТГ-тай хамтран хийж байгаа нь үүнтэй холбоотой. 

Тэгэхээр авлига бол амь насыг авч оддог хамгийн аюултай хулгай юм. Манай улс хавдрын шалтгаант ба зүрх судасны шалтгаант нас баралтаар дэлхийд тэргүүлж байгаа нь нэгийг хэлж байгаа байх.

Мөн бас нэг нийтлэг зүйл бол Авлигын индекс оноо бага орнуудад эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт ба боловсролын салбарын хөрөнгө оруулалт бага байгаа байдал ажиглагдсан. Манайд бас шууд хамараалтай.

Манай Авлигын барометер гээд 2020 оны долдугаар сард Монгол Улсын 21 аймгийн 2,000 иргэнийг хамруулан хийсэн судалгаагаар иргэд эмнэлэг ба сургуулийн үйлчилгээ авах гэж хамгийн их авлига өгснөө, эсвэл танил талаа ашигласнаа мэдэгдсэн. Төрөөс энэ салбаруудад хөрөнгө оруулалт хангалттай хийдэггүй тул хүртээмж муу байгаа нь энэ салбарууд авлигажих нөхцөл үүсгэсэн байх талтай.

Харин эсрэгээрээ авлига их улсуудад том мега төслүүдэд, тухайлбал цахилгаан станц, авто ба төмөр замд улстөрчид хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байдаг учир нь авлигын мөнгө унах боломж нь өндөр байдаг. 

-Авлигын индексийн дүнг АТГ-ын үйл ажиллагаатай шууд холбон тайлбарладаг. Яг үнэндээ энэ нь АТГ-ын ажилд өгсөн дүгнэлт гэж үзэх үндэстэй юу? 

-Авлигын индексийн оноо АТГ-ын үйл ажиллагаатай, эсвэл аль нэг байгууллагын үйл ажиллагаатай холбоотой биш, одоо байгаа тогтолцоонд өгч буй оноо гэж хэлж болно.

Тухайлбал, хууль дээдлэхтэй холбоотой алдаж байгаа оноо бол манай одоогийн шүүхийн хуулийг судалж үзээд л одоо байгаа энэ эрх зүйн тогтолцоогоор шүүх нь авлига ба улстөрчдийн нөлөөнөөс ангид ажиллах боломжгүй юм байна гээд үнэлчихэж байгаа юм. Түүнээс авлигын хэргийн илрүүлэлт ба урьдчилан сэргийлэлт гэх мэт асуудлуудыг энд тооцдоггүй.