Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/04-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Отгочулуу: Монгол Улс гуравдагч хөршөө хөөж гаргаад байвал бид Эрээн, Москва, Иркутскээс өөр сонголтгүй болно

Р.Оюунцэцэг, IKON.MN
2021 оны 2 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улс Оюутолгойн ордоос 2100 он хүртэл ногдол ашиг хүртэхгүй төдийгүй өрөнд ороод дуусахаар тооцоолол гарсан нь шинэ оны хамгийн дуулиантай сэдэв болоод байна. 

Яг энэ үед “Дубайн гэрээг цуцалж болох уу?” гэсэн сэдвээр хийсэн “Дефакто” мэтгэлцээнээр эдийн засагч Ч.Отгочулуу Дубайн төлөвлөгөөг шууд цуцалж болохгүй байх шалтгааны талаар байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр аль нэг талыг бариагүй, эдийн засагчийн хувиар  байр сууриа илэрхийлж байгаагаа тодотгосон юм. 

Түүний хэлсэн эшлэлүүдийг хүргэж байна. 

  • Дубайн төлөвлөгөөн дээр анх удаа бид үр өгөөж, хуваарилалтын харьцуулалтыг баталгаажуулж чадсан. Монгол Улс энэ төслөөс бий болох нийт өгөөжийн 53%-ийг авна гэдгээ цаасан дээр буулгаж, хөрөнгө оруулагчдаар анх удаа хүлээн зөвшөөрүүлж, гарын үсэг зуруулж чадсан
  • Анх энэ төсөл 120 тэрбум ам.долларын орлого олж, Монгол Улсад ногдох ашиг 9 тэрбум ам.доллар байна гэж байсан. Дубайн төлөвлөгөөгөөр үүнийг 350 тэрбум доллар болгож өсгөж чадсан. 
  • Манай эдийн засагт үзүүлэх импакт нь хоёр дахин өсөж байгаа. Манай улсад ирэх өгөөж, Засгийн газарт очих өгөөж 48 тэрбум ам.доллароор өссөн. ААНОАТ л гэхэд 10 тэрбум ам.доллароор өссөн. Роялти татварыг манай зарчмаар авах болж, олон тэрбум ам.долларын өсөлтүүд гарсан. 
  • Цар тахлын энэ үед манай улсын эдийн засаг царцахад энэ төсөл ачааны хүндийг үүрч байна. Эдийн засаг, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалж байна. 
  • Дубайн гэрээгээр үйл ажиллагаа, санхүү, газар нурах гээд бүх эрсдэлийг “Рио Тинто”-д үүрүүлж чадсан. Үүнээс болж “Рио Тинто”-ийн жижиг хувьцаа эзэмшгигчид шүүхдээд байгаа шүү дээ. Тиймээс шүүх дээр том, жижиг хөрөнгө оруулагчдын тоглолт явж байна. Биднийг айлгаж байна. Энэ тоглолтод нь бид ороод, ямар ч шийдэлгүй байж сүүлийн жилүүдэд ажилгүйдэл, ядуурлыг зөөлрүүлж байгаа ганц баримт бичгээ яаран цуцлах вий гэж болгоомжилж байна
  • Монгол Улс гуравдагч хөршөө хөөж гаргаад байвал бидэнд Эрээн, Москва, Иркутскээс өөр сонголтгүй болно. Эргээд БНМАУ руу очих гээд байна. 
  • ГОК Оюутолгойгоос тав дахин том гэдэг худлаа. “Эрдэнэт үйлдвэр” жилд 140 орчим мянган тонн зэс үйлдвэрлэж байгаа бол “Оюу толгой” 150-160 мянган тонныг үйлдвэрлэж байгаа. Хүчин чадлын хувьд 10-20 мянган тоннын л зөрүү байдаг. Юун дээр ялгаа гардаг вэ гэхээр зэсийн үнэ 5,000 ам.доллароос дээш болчих юм бол “Эрдэнэт үйлдвэр” өсөн нэмэгдэх роялти төлдөг. 
  • Оросуудад бид алт, газрын ховор элементээ тооцохгүйгээр 4 сая тонн зэсээ өгсөн. Тэр үеийн ханшаар 12 тэрбум, одоогийн ханшаар 20 тэрбум долларын баялгаа бид ЗХУ-д өгсөн. Тиймээс оросуудаар зэс хайлуулах үйлдвэр бариулахын тулд хэрэв катодын зэс үйлдвэрлэвэл 0, баяжмалаар нь гаргавал өндөр тавина гээд өсөн нэмэгдэх роялти тавьсан. Одоо “Эрдэнэт үйлдвэр” 100% Монголынх болсон тул Ашигт малтмалын тухай хууль дахь дэлхийн хаана ч байхгүй, бүх зардлыг нь оруулж байгаад борлуулалтын бохир дүнгээс нь 16%-ийн роялти авдаг харгис дэглэмээ болиулах хэрэгтэй
  • “Оюу толгой” компани жилд нэг тэрбум ам.долларын борлуулалтын орлого олж байгаа. Үүнээс 300 сая долларыг татвар, НӨАТ, роялти, ОАТ зэрэг татвар байдлаар улсын төсөвт өгдөг. Дотоодын худалдан авалт нь 400 сая ам.доллар. Цалин 150-200 сая ам.доллар байгаа. Борлуулалтын орлогынх нь 80-90% нь монголчуудад шингэж үлдэж байна. 
  • Н.Багабанди гуай ажил дээрээ очдог гэж бодохгүй байна. Ерөнхийлөгч байсан хүн “Эрдэнэс Оюутолгой” дээр очоод мэргэжилтнүүдийн дунд сууна гэдэгт итгэхгүй байна. Мөн ТУЗ-ийн гишүүн Э.Баясгалан Нью-Йоркт амьдардаг, Монголд ирэлгүй хэдэн жил болсон, Монголын эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл зэрэг зүйлийн талаар ямар ч ойлголтгүй байна лээ. Тэгэхээр яаж бүтэн жил энэ ажлыг хянахыг мэдэхгүй байна. 
  • Монголын Засгийн газар ОТ-н 34%-иа эзэмшихийн тулд хувьцааны санхүүжилтээр санхүүжүүлсэн, 700 орчим сая доллар. Хүү нь өснө гэж үзэж байгаа. 22 тэрбум долларын өр бол ирээдүйн таамаг. ТЭЗҮ-ийг 5 жил тутам тодотгох ёстой. Санхүүжилтийн хүүг 5 жил тутам дахин тодотгох ёстой. 
  • “Рио Тинто” Туркойз Хилл Ресурс дээр тоглолт хийж байгаа. ТУЗ-ийн шинэ залуу гишүүд сандарч байж болно. УИХ, Засгийн газар сандрах хэрэггүй. Олон эсрэг арга хэмжээнүүд байгаа. 
  • Анх энэ төслөөс 9 тэрбум долларын ногдол ашиг авна гэж хүлээж байсан. Гэтэл энэ ашгийг авахын тулд 22 тэрбум ам.долларын өрөнд орох байдал үүсэх гэж байна. Тэгвэл 9 тэрбумын ашгаа 350 тэрбумынхаа орлогод шингээгээд тодорхой хэмжээний хувь хэмжээгээрээ одоо авч байгаа роялтигаа өсгөвөл энэ хэрүүл тэмцэл хардлагагүйгээр бид авах ёстой мөнгөө эрсдэлгүй авна. Харин одоо 51%-ийг авбал өшөө том эрсдэлтэй болно.
  • ОТ-ын Хөрөнгө оруулалтын гэрээ байдаг л стандарт гэрээ. Индонезийн Грассберг гэж уурхай бий. Тэр бол алт, зэсэн дээрээ роялти аваад, орлогны албан татвар 25% авдаг. ОТ үүн дээр нь нэмээд өшөө олон авах зүйл байгаа. Тиймээс ОТ дээр ажиллаж байгаа хүмүүс өөрсдөөрөө бахархах хэрэгтэй. 
  • Цар тахлын дараа зэс нэлээд эрэлтэд орно. БНХАУ-ын баяжуулах үйлдвэрүүдийн нийт хүчин чадал металлаараа 1.2 сая тонн. Хайлуулах үйлдвэрүүд 9 сая тонн байгаа буюу 8 сая орчим тоннын импортоор хараат болсон. Хятадын стратегийн том сэтгүүлд гарснаар Хятадын хамгийн том эрсдэл нь зэсийн хомсдол. Тийм учраас зэсийн ордууд дээр яаралтай хяналтаа тогтоож, Хятадад байгаа зэс хайлуулах үйлдвэрүүдийн найдвартай ажиллагааг хангах нь нэн тэргүүний үүрэг шүү гэсэн байгаа. 

"Рио Тинто"-оос танилцуулсан шинэ тооцооллын улмаас Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээг шаардлагатай бол цуцлах саналаа өмнөх Засгийн газар тус төслийн хөрөнгө оруулагч талд 2020 оны төгсгөлд илэрхийлсэн байдаг. 2021 он гарсны дараа “Рио Тинто” компани удирдлагын багаа шинэчлэхдээ Б.Болдыг Зэсийн группийнхээ ерөнхий захирлаар томилоод буй. Энэ нь ОТ төслийн хөрөнгө оруулагч тал Монголын Засгийн газартай ойлголцолд хүрэхэд дөхөм болгох шийдвэр хэмээн шижээчид дүгнэж байгаа. Шинэ уддирдлагууд ч мөн яриа хэлэлцээг нааштай шийдэхийн төлөө ажиллахаа илэрхийлсэн. 

Тэгвэл шинээр байгуулагдаад буй Засгийн газар Б.Болдтой өчигдөр анхны цахим уулзалтаа хийсэн бөгөөд “Амжилттай болсон” хэмээн Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсгийн шинэ ахлагч, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар дүгнээд буй. 

Мэтгэлцээнийг ЭНД дарж бүрэн эхээр нь үзэх боломжтой.