Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

С.Амарсайхан: Бизнес эрхлэгчдийг энгийн, уян хатан нөхцөлөөр ажиллах боломжоор хангахыг зорьж байгаа

Б.Жаргалмаа, IKON.MN
2021 оны 2 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Шадар сайд С.Амарсайхан Бизнесийн зөвлөх зөвлөлийнхөнтэй өнөөдөр цахимаар уулзалт хийлээ. 

Энэ үеэр КОВИД-19 цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбогдуулан бизнес эрхлэгчдийн нөхцөл байдал, гадаад, дотоод худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ, хөрөнгө оруулалтын салбартай холбоотой асуудлаар санал солилцов. 

 

Эдийн засгийг сэргээх, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, цар тахлын үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний төлөвлөгөөг иргэдэд нээлттэй, ил тод болгох шаардлагатай байгааг оны өмнө байгуулагдсан Бизнесийн зөвлөх зөвлөлийн дарга, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин хөндсөн байна. Харин Шадар сайд С.Амарсайхан холбогдох дүрэм журмыг өөрчилж, илүү энгийн, уян хатан нөхцөлөөр ажиллах боломж бололцоог бүрдүүлэхээр зорьж байгаагаа хэллээ.

Зөвлөлийн гишүүдийн зүгээс цар тахлын үед ажлын байрыг хадгалах, салбар хоорондын уялдаа холбооноос үүдэж эдийн засаг хүндэрч байгааг анхаарч өгөхийг хүссэн юм. Цар тахлын халдвар хамгааллын үед бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх бодлого баримталж ажиллана гэдгээ Шадар сайд энэ үеэр тодотгов.

МҮХАҮТ-ын хамгийн сүүлд хийсэн судалгаагаар бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд цар тахлын үед тулгамдаж байгаа хамгийн том бэрхшээлүүд нь

  1. Ажлын байраа хадгалах, цалин тавих - 24%
  2. Зээлийн эргэн төлөлт - 21%
  3. Төр, засгаас гаргаж буй шийдвэрийн ойлгомжгүй, уялдаа холбоогүй байдал - 17%
  4. Түрээсийн төлбөр - 16%
  5. Гадаад түншийн гэрээний үүрэг биелүүлэхгүй байх, гэрээ цуцлагдах - 7%
  6. Зөвшөөрөгдсөн үйл ажиллагааны зөвшөөрөл авах процесс - 6%
  7. Түүхий эдийн олдоц - 6%
  8. Хамгаалалтын хувцас, хэрэглэл - 2%

Өөрөөр хэлбэл, хувиараа бизнес эрхлэгчдийн 67% нь зээлийн эргэн төлөлт хийж чадахгүй байгаа бол 61% нь түрээсийн төлбөр хийхэд хүндрэлтэй байгаагаа хэлсэн байдаг.