Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

Шинээр хэрэгжиж эхэлсэн хуулийн дагуу резидент эмч нар цалингаа авч эхэлжээ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 2 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Манай улсад COVID-19 цар тахлын энэ үед нэгдсэн мэргэшлийн 1,992 резидент эмч суралцаж байна. 

Резидент эмч нарт тулгардаг гол асуудал нь хоёр жилийн хугацаанд дадлагажиж, суралцах хугацаандаа цалингүй ажилладгаас болж НДШ-ээ төлөхгүй хугацаа алдах зэрэг асуудлууд үүсдэг байв.

Тэгвэл Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчлэл 2021 оноос хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээр дээрх асуудал шийдэгдээд байна. Тодруулбал,

Эрүүл мэндийн тухай хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу тус хуулийн 25.4 дэх хэсгийг 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө хэмээн заасан.

25.4 дэх хэсэгт энэ хуулийн 25.3.1-д (резидент эмчид эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг үндсэн мэргэшлийн сургалтын хугацаагаар) заасан резидент эмч нь төгсөлтийн дараах сургалт эрхлэх зөвшөөрөл бүхий төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг болон нэгдсэн эмнэлэгт үндсэн мэргэшлийн сургалтад хамрагдах хугацаандаа хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллана гэж заасан байна.

Энэ хүрээнд 2021 оны төсөвт резидент эмч нарыг тогтмол цалинжуулах 18 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг суулгасан ба резидент эмч нарыг ТҮЭМ-4 ангиллын нэгдүгээр шатлал буюу 703,623 төгрөгөөр цалинжуулахаар болсон юм. 

Хуулийн хэрэгжилтийн талаар Резидент эмч нарын төлөөллөөс тодруулахад

I курсийн резидент эмч: Энэ сард цалин орсон байсан. 

II курсийн резидент эмч: Хөдөлмөрөө үнэлүүлж байгаад баяртай байна. Нэгдүгээр сарын сүүлд цалин орсон байсан. 

I курсийн резидент эмч: Тийм ээ цалин орсон. Резидент эмч нарын хувьд цалинтай болсонд олзуурхаж байгаа хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. 

Нэмж дуулгахад COVID-19 халдварын эсрэг хариу арга хэмжээ авах, эмнэлгийн тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлэхэд резидент эмч нарыг дайчлан ажиллуулж байгаа билээ.