Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

Хүнд гэмт хэргийн тоо өсжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 2 сарын 3
iKon.MN
Зураг зураг

-Монгол Улсын шүүхийн 2020 онд шийдвэрлэсэн шүүн таслах ажиллагааны тоймыг танилцууулж байна-

Өнгөрсөн оны тоон мэдээнээс харахад зарим хүнд гэмт хэргийн тоо өсчээ. Тухайлбал, хүнийг алах, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах, залилах, мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг өссөн дүнтэй байна.

Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс дараах төрлийн гэмт хэрэг өссөн байна. Үүнд:

  • Хүнийг алах гэмт хэрэг 23 хэргээр буюу 12.3 хувиар,
  • Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах санаатай уруулах гэмт хэрэг 41 хэргээр буюу 12.7 хувиар,
  • Залилах гэмт хэрэг 110 хэргээр буюу 18.2 хувиар,
  • Мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 11 хэргээр буюу 6.5 хувиар, бусад төрлийн гэмт хэрэг 677 хэргээр буюу 26.1 хувиар тус тус өссөн байна.

Зарим төрлийн гэмт хэрэг буурав

  • Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг 139 хэргээр буюу 2.4 хувиар,
  • Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 109 хэргээр буюу 51.9 хувиар,
  • Хүчиндэх гэмт хэрэг 21 хэргээр буюу 6.4 хувиар,
  • Хулгайлах гэмт хэрэг 57 хэргээр буюу 3.4 хувиар,
  • Дээрэмдэх гэмт хэрэг 47 хэргээр буюу 14.9 хувиар,
  • Улсын хилээр барааг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэг 42 хэргээр буюу 70 хувиар,
  • Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 108 хэргээр буюу 9.5 хувиар тус тус буурсан байна.

Түүнчлэн урьд ял шийтгүүлсэн хүний тоо өссөн судалгаа гаржээ.

Монгол Улсын анхан шатны шүүхээс нийт 13,380 хүн, таван хуулийн этгээдэд ял шийтгэл оногдуулсан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 2.8 хувиар өссөн үзүүлэлт юм.

Ял шийтгүүлсэн нийт 13,380 хүнийг зарим бүлгээр авч үзвэл ял шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн тоо өмнөх оноос 58 хүн буюу 4.0 хувиар, урьд ял шийтгүүлсэн хүний тоо 576 буюу 19.2 хувиар, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн хүний тоо 527 хүнээр буюу 20.3 хувиар тус тус өссөн бол бүлэглэж үйлдсэн хүний тоо 60 хүнээр буюу 6.9 хувиар, өсвөр насны хүн 132 хүнээр буюу 36.7 хувиар тус тус буурсан дүнтэй гарсан байна.

Ял шийтгүүлэгчдийн дотор 35-аас дээш насны насны ял шийтгүүлэгчид 5,224 байгаа нь нийт ял шийтгүүлэгчдийн 39.0 хувийг эзэлж байна.

Гэмт хэргийн улмаас 30,283 хүн, 447 төрийн байгууллага, 137 компани хохирсон байна.                  

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхүүдийн хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн тоо өмнөх оноос 416 хэргээр буюу 18.2 хувиар, хяналтын шатны шүүхийн шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оноос 11 хэргээр буюу 1.6 хувиар тус тус өссөн байна.