Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

2020 оны авлигын индексээр Монгол Улс 111-т бичигдэж, зургаан байраар ухарлаа

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 1 сарын 28
iKon.MN
 

Берлинд төвтэй олон улсын “Транспаренси Интернэшнл" байгууллагаас 2020 оны “Авлигын төсөөллийн индекс”-ийг танилцуулж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/451824392859755

2020 оны Авлигын төсөөллийн индексийн дүнгээс харахад авлига нь КОВИД-19 эсрэг арга хэмжээг үр дүнгүй болгож, дэлхий даяарх цар тахлын эсрэг тэмцэл удааширч байгааг мэдээллийн эхэнд онцоллоо.

Тус оны Авлигын төсөөллийн индекс 180 улс орон, бүс нутгийг эрэмбэлэхдээ төрийн салбарын авлигын төсөөллийн хэмжээг 13 шинжээчийн байгууллагуудын үнэлгээ болон бизнесүүдийн удирдлагуудаас авсан асуумж дээр үндэслэн гаргажээ. Үүнд 0-ээс (маш их авлигатай) 100 (цэвэр) онооны хэмжүүрээр үнэлдэг.

Дани Улс болон Шинэ Зеланд Улс 88 оноотойгоор индексийг тэргүүлсэн бол Сири, Сомали, Өмнөд Судан улсууд 14, 12, 12 оноотойгоор адагт оржээ. 

Харин Монгол Улс 2020 онд авлигын индексээр 35 оноо авч 111 дүгээр байранд жагсжээ. Энэ нь 2019 оноос зургаан байраар ухарсан үзүүлэлт бөгөөд тус онд 35 оноо авч 105 байранд жагсаж байв.

График. Монгол Улсын авлигын индекс

Ази Номхон далайн бүс авлигын индексээр 2020 онд 100 онооноос 40 оноо авсан байна. Тэгвэл Монгол Улсын авлигын индекс оноо Ази Номхон далайн бүсийн дундаж онооноос 10 оноогоор бага байгаа бөгөөд бүсийн авлига өндөр орнуудыг тэргүүлж буй аж.

 
Transparency International

Түүнчлэн авлигын индекс оноо өндөр  орнууд эрүүл мэндийн салбартаа их хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг, бүх нийтийн эрүүл мэндийн хамралтсайн бөгөөд ардчиллын институцууд нь хараат бус, хууль дээдлэх ёс өндөр байна.

Транспэрэнси интернэшнл байгууллагын ТУЗ-ын дарга хатагтай Дэла Фэррэира Рубио “Ковид-19 цар тахал бол зөвхөн эрүүл мэнд, эдийн засгийн хямрал биш бас авлигын хямрал бөгөөд бид ялагдаж байна. Өнгөрсөн жил улс орнуудад урд өмнө байгаагүй сорилт боллоо. Авлига өндөртэй улс орнууд энэхүү сорилтод бүдэрч байна. Мөн Авлигын төсөөллийн индексийн оноо өндөр авлига улс орнууд авлигатай тэмцэхэд бусдадаа туслах үүргээ гүйцэтгэхийг уриалж байна” гэж мэдэгдлээ.

Авлига болон КОВИД-19 нь улс орнуудын ардчилалд ухралтыг авчирлаа

Авлига өндөр улс орнууд КОВИД-19-ийн үед иргэдээ ялгаварлаж, шударга бус шийдвэрүүд гаргаж байгаа онцгой байдлын үед ил тод байдал, хариуцлага ба авлигын эсрэг механизм чухал болохыг харуулж байна.  

Авлига өндөр орнуудийн хувьд:

  • Авлигын гэмт хэргийн өндөр үзүүлэлттэй улс орнууд КОВИД-19 цар тахлын үед хууль дээдлэх ёс болон ардчилсан институцийг хамгийн их зөрчигч улс байх хандлагатай байна гэж дүгнэв. 
  • Авлига өндөр орнууд эрүүл мэндийн салбартаа маш бага хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг. Үүний зэрэгцээ эрүүл мэндийн салбар дахь авлига, гадаадын тусламжийг завших зэрэг авлигын гэмт хэргүүд КОВИД-19-ийн үед ихээр гарч байна. Авлигын гэмт хэрэг мөн эрүүл мэндийн салбарын  худалдан авах ажиллагаанд их байна.
  • Авлига индекс оноо бага орнуудад хавдрын нас баралт ба зүрх судасны нас баралт мөн амьсгалын замын шалтгаант нас баралт өндөр байна.
  • Авлига индекс оноо бага орнуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бүх нийтийн хамралт сул байна.

Зөвлөмж

Цар тахалтай 2020 он авлигын индексийн хамгийн өндөр оноо авдаг хүчирхэг улс орнуудад хүртэл шударга байдлын том шалгуур боллоо.

Транспэрэнси интернэшнл байгууллага дэлхийн улс орнуудад авлигыг бууруулах болон дахин тохиолдож болох хямралын хариу арга хэмжээний хүрээнд дараах саналыг хүргүүлж буй аж. Үүнд:

  • Хөрөнгө, санхүүжилт хамгийн шаардлагатай хүмүүст хүрч байгааг бататгахын тулд хяналтын байгууллагуудаа бэхжүүлэх. Авлигатай тэмцэх болон аудит ба бусад хяналтын байгууллагууд өөрийн үүргээ биелүүлэхэд хангалттай санхүүжилт, хүний нөөцтэй байж мөн эрх зүйн хувьд хараат бус байх
  • Хууль бус үйлдэлтэй тэмцэх, ашиг сонирхлын зөрчлийг олж тогтоох болон шударга хямд үнэ тогтоох үүднээс худалдан авалтын гэрээ байгуулахад нээлттэй, ил тод байдлыг хангах
  • Төр засагт хариуцлага хүлээлгэх бололцоог хангахын тулд ардчилал болон иргэний нийгмийн орон зайг хамгаалах
  • Олон нийтэд хүртээмжтэй, цаг тухайд нь мэдээллийг хүргэх үүднээс холбогдолтой мэдээллийг нийтэлж мэдээлэл авах боломжоор хангах