Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

Цагдаа нар Алексей Навальныйн гэр, ажлын байранд нэгжлэг явуулж, дүүг нь баривчилжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Лхагва гарагт Оросын цагдаа нар сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйн гэр, ажлын байранд нэгжлэг явуулжээ.

Навальный саяхан Герман улсаас эх орондоо ирснийхээ дараа тэнсэн харгалзах ялын нөхцлийг зөрчсөн шалтгаанаар баривчлагдаж, 30 хоногийн хугацаатай хоригдож байгаа юм. Түүнд хөл хорионы дэглэм зөрчиж, иргэдийг зөвшөөрөлгүй жагсаал цуглаанд уриалсан гэх шинэ хэрэг үүсгэжээ. Уг хэргийг мөрдөн шалгах ажлын хүрээнд гэр болон ажлын байранд нь нэгжлэг явуулсан байна.

Нэгжлэгийн үеэр гэрт нь байсан дүү Олег Навальныйг баривчилж, 48 цаг саатуулсан тухай эх сурвалжууд мэдээлжээ. Түүнийг хөл хорионы дэглэм зөрчсөнд буруутгаж байгаа гэнэ.

Олег Навальный 2018 онд нийтийн өмч хөрөнгийг хувьдаа завшсан хэргээр 3.5 жилийн тэнсэн харгалзах ял сонсож байжээ.

Тухайн үед уг шийтгэлийг өөрт нь дарамт шахалт үзүүлэх зорилготой арга хэмжээ гэж ах Навальный нь мэдэгдэж байв.

Өчигдөр бас Алексей Навальныйн хамтран зүтгэгч Любовь Соболь тэргүүтэй хүмүүсийн гэрт нэгжлэг явуулж, баривчлан саатуулжээ. Соболийг цагдаа нар гэрчийн мэдүүлэг авахаар авч явсан ч сүүлд 48 цаг саатуулахаар болсон байна.

Кремлийн эрх баригчдыг шүүмжлэгч Алексей Навальныйг суллахыг шаардсан жагсаал өнгөрсөн Бямба гарагт ОХУ даяар зохион байгуулагдаж, 4,000 шахуу хүн баривчлагдаад байгаа.

Навальныйг дэмжигчид ирэх Ням гарагт дахин томоохон эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар бэлдэж байна.

 

Эх сурвалж: Reuters