Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

Судалгааны товхимол хэвлэгдлээ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 1 сарын 27
iKon.MN
 
СЗХ

Санхүүгийн зохицуулах хорооноос улс орны эдийн засаг, нийгэмд өгөөжөө өгөх, цаашдын хөгжлийн бодлого, шийдвэрийг гаргахад дэм болох “Судалгааны товхимол №1” шинэхэн бүтээлээ Хорооны 15 жилийн ойг тохиолдуулж уншигч, хэрэглэгч олондоо өргөн барьж байна.

Олон улсын санхүүгийн зохицуулагч байгууллагууд нь санхүүгийн салбарын бодлого, зохицуулалт, хяналтын талаар шийдвэр гаргахдаа судалгаа, шинжилгээн дээр суурилж урт хугацааны хөгжлийн гарцаа тодорхойлдог.Үүний адил Хороо санхүүгийн зах зээлийн хөгжлийн бодлого, хяналт шалгалт, зохицуулалтыг олон улсын стандарт, туршлага, өөрийн орны нөхцөл байдлын үнэлгээнд тулгуурлаж шийдвэрлэхээр зах зээлийн судалгаа, хөгжлийн нэгжийг байгуулж өнгөрсөн хугацаанд нэлээд хэдэн судалгаа, шинжилгээг хийлээ. Онцлох заримаас дурдвал санхүүгийн зах зээлийг хөгжүүлсэн улс орнуудын туршлага, бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийн санхүүжилт, хүртээмжтэй санхүү, санхүүгийн технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээ зэрэг юм.

Харин энэхүү анхны товхимолдоо цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулж коронавирус (COVID-19)-ын улмаас санхүүгийн салбарт үүсэх сөрөг нөлөөллийг бууруулах хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ мөн үнэт цаасны зах зээл дэх тогтвортой санхүүжилтийн нийтлэг зарчим, шилдэг туршлага, санхүүгийн зах зээл дэх технологи, тэдгээрийн төрөл, зохицуулалт зэрэг хэд хэдэн судалгааг түүвэрлэн оруулсан.

НҮБ-аас гаргасан “Дэлхийн эдийн засгийн байдал ба хэтийн төлөв” тайланд цар тахлын улмаас дэлхийн эдийн засаг 4.3 хувиар буурсан бөгөөд энэ нь 2009 оны хямралтай харьцуулахад 2.5 дахин илүү болохыг дурдаад улс орон бүр тохирох арга хэмжээ, шийдвэрийг яаралтай авахыг зөвлөсөн байдаг.

Иймээс товхимолд манай улсад цар тахлын улмаас санхүүгийн салбарт үүсч болох эрсдэлийг шуурхай илрүүлэх, урьдчилан сэргийлэх, бодлогын санал боловсруулахад буюу халдварт өвчлөл, онцгой нөхцөл байдлын үед улс орнууд хямралыг хэрхэн даван туулсан талаарх туршлага, дотоодын санхүүгийн зах зээлд халдварт өвчлөлийн үзүүлж буй нөлөө, хэрхэн хамгаалах санал, зөвлөмжбагтсан. Гэхдээ товхимолд багтсан судалгаануудын санал, дүгнэлт нь Хорооны албан ёсны байр суурь биш бөгөөд аливаа бодлогын шийдвэр гаргахад үндэслэл, харгалзах хүчин зүйлс болгох зорилготой билээ.

Судалгааны талаарх санал, зөвлөмжөө уншигч та бүхэн ирүүлбэл бид дараа, дараагийн судалгаандаа тусгаж ажиллахаа илэрхийлж байна.

Товхимолтой уншиж танилцах бол энд дарна уу.

 

Эх сурвал: Санхүүгийн зохицуулах хороо