Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын Христийн шашны сургуулиудад коронавирусийн халдварын томоохон голомт илэрчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Цар тахлын гурав дахь давалгааны эрч намдаж буй Өмнөд Солонгос улсад Христийн шашны сургууиудыг тойрсон халдварын томоохон голомт илэрчээ.

Христийн шашны нэгэн байгууллагын харьяаны зургаан сургуулиас гаралтай нийт 297 шинэ тохиолдол бүртгэгдсэнийг тус улсын эрүүл мэндийн яам өнөөдөр мэдээлсэн байна.

Сүүлийн 24 цагийн дотор нийслэл Сөүл хотоос өмнө зүгт 270 км зайтай оршдог Гванжугийн сургуулиас гаралтай 100 гаруй тохиолдол шинээр бүртгэгджээ. Бусад 171 тохиолдол нь Дэжон хот дахь салбар сургуулиас нэгдүгээр сарын 17-ноос хойш илэрсэн юм байна.

Сургуулиудыг хариуцдаг “International Mission” шашны байгууллагад Өмнөд Солонгос даяар оршдог 40 сургуулийнхаа 32-той холбоотой бүх хүнийг шинжилгээнд хамруулах үүрэг өгчээ.

Тус байгууллага халдвараас сэргийлэх арга хэмжээг авч чадаагүйдээ олон нийтээс уучлал гуйсан байна.

Өмнөд Солонгосын ерөнхий сайд Чун Се Кюн дээрх сургуулиудтай холбоотой бүх хүмүүсийг сайн дураараа яаралтай шинжилгээнд хамрагдахыг уриалжээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Өмнөд Солонгос даяар халдварын 559 шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэн байна. Өмнөх өдөр нь 354 тохиолдол шинээр бүртгэгдэж байжээ.

Нийтдээ тус улсад батлагдсан халдварын 76,429 тохиолдол бүртгэгдэж, 1,378 хүн нас бараад байна.

 

Эх сурвалж: Reuters