Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсад сонгуулийн санал авах машин нийлүүлсэн компани Трампын өмгөөлөгчийг шүүхэд өгөв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Монгол улсад сонгуулийн санал авах “хар хайрцаг” гэгддэг машинуудыг нийлүүлсэн Канадын Dominion Voting System компани нэр хүндэд нь халдсан хэргээр АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампын өмгөөлөгчийг шүүхэд өгч, $1.3 тэрбумыг нэхэмжилжээ.

Даваа гарагт шүүхэд гаргасан гомдолд өгүүлснээр Трампын хувийн өмгөөлөгч Руди Жулиани нь 2020 оны сонгуулийн дараа санал хураалтад луйвар булхай гарсныг удаа дараа мэдэгдэхдээ тус компанийн бизнесийн нэр хүндэд халдсан гэжээ.

Өөрөөр хэлбэл Dominion компанийн санал хураах машиныг ашиглан сонгогчийн саналыг луйвардаж болдог тухай баталгаагүй, худал мэдээлэл тарааж байсан гэнэ.

Шүүхийн гомдолд Жулианигийн янз бүрийн арга хэмжээний үеэр хэлсэн үгний 50 гаруй баримт, бичлэгийг хавсаргажээ.

Dominion компани өмнө нь Трампын хуулийн багийн гишүүн Сидней Пауэллыг мөн ийм шалтгаанаар шүүхэд өгч, $1.3 тэрбумыг нэмэмжилж байв.

Нэгэн үе Нью Йорк хотын захирагч асан Руди Жулиани одоо болтол 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийг луйвар, будилаантай болсон гэж ярьсаар байгаа.

Тэрбээр өчигдөр Dominion компанийг хариу шүүхэд өгөхөөр болсноо мэдэгджээ. Жулиани тус компанийн түүх, санхүүжилт, үйл ажиллагааг нарийвчлан мөрдөж, шалгана гэдгээ энэ үеэр анхааруулсан байна.

Өнгөрсөн долоо хоногт нэр хүндтэй хэсэг өмгөөлөгчид Нью Йорк мужийн хуулийн байгууллагад хандан Жулианигийн өмгөөлөх эрхийг цуцлах хүсэлт гаргажээ. Сонгуультай холбоотой баримт нотолгоогүй мэдээлэл байнга цацаж байгаа түүнийг ингэж шийтгэх ёстой гэж үзсэн байна.

 

Эх сурвалж: The Guardian