Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

Хар тэнгисийн эрэгт тансаг ордон эзэмшдэггүйгээ Путин мэдэгджээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт болсон хэвлэлийн видео хурлын үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өөрт нь Хар тэнгисийн эрэгт ямар ч орд харш байхгүйг мэдэгджээ.

Өнгөрсөн долоо хоногт Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный “Путиний ордон” нэртэй видео материалыг YouTube сувагтаа байрлуулсан нь өнөөдрийн байдлаар бараг 90 сая хүн (давхардсан тоо) үзээд байна.

Казино, театр, дарсны агуулах, эзэмшил газар бүхий 17,691 метр квадрат талбайтай уг тансаг ордныг нэгэн баян бизнесмэн Путинд бэлэглэсэн гэж энэ видеонд мэдээлжээ. Навальный үүнийг түүхэнд байгаагүй том хээл хахууль гэж нэрлэсэн юм.

 

“Навальныйн видеонд үзүүлж байгаа шиг хөрөнгө надад болоод миний ойр төрлийн хүмүүст хэзээ ч байгаагүй. Цаг зав муутай учраас би энэ видеог үзэж чадаагүй. Туслах маань надад хальт гүйлгэж харуулсан” гэж Путин хэлжээ.

Өмнө нь Кремлийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков уг видеонд үзүүлсэн ордныг “үлгэр домог төдий зүйл” гэж мэдэгдэж байв.

 

Эх сурвалж: Russia Today