Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Наранзул: Үсчин, гоо сайхан болон томоохон захуудын үйл ажиллагааг нээсэн нь халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлж байна

А.Намуун, iKon.mn
2021 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч, дэд захирал Д.Наранзул коронавируст халдвараас сэргийлэх талаар зөвлөгөө өглөө.



Сүүлийн 30 гаруй хоногийн хугацаанд Монгол Улсын 21 аймаг, 300 гаруй суманд Ковид-19-ийн халдвар бүртгэгдээгүй. Ялангуяа халдвар бүртгэгдэж, голомтлон тархаад байсан зургаан аймагт өвчлөл нэмэгдээгүй, бүрэн хяналтад орсон байдалтай байна.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод халдварын голомт хамгийн идэвхтэй. 

Сүүлийн хоногуудад хөл хорионы дэглэмийг сулруулсантай холбоотой хүн амын шилжилт хөдөлгөөн ихэссэн, өнгөрсөн долоо хоногт олон хүнийг хамарсан жагсаал цуглаан зохион байгуулагдсан, үсчин, гоо сайхан, томоохон барааны зах, худалдааны төвүүд нээгдэж байгаа нь халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Иймд ард иргэд, ААН, байгууллагууд дараах зүйлүүдийг анхаарах шаардлагатай.

1.5 метрээс дотогш зайд 15 минутаас удаан хугацаагаар хавьтал болох нь халдвар авах эрсдэлийг ихэсгэдэг

Үсчин, гоо сайхны байгууллагад чиглэсэн зөвлөмжүүдийг эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа. Үүнд:

1.5 метрээс дотогш зайд 15 минутаас удаан хугацаагаар хавьтал болох нь халдвар авах эрсдэлийг ихэсгэдэг. Тиймээс цаг авч үйлчлүүлэх нь чухал.

  • Хүний бөөгнөрөл, хүлээгдэл үүсгэхгүй
  • Агааржуулалт сайтар хийх
  • Халдваргүйтлийн дэглэмийг сайтар сахих хэрэгтэй.

Манай улсад хүйтэн сэрүүний улиралд удаан хугацаагаар үргэлжилдэг томуугийн дэгдэлтийн үетэй зэрэгцээд Ковид-19 тархах эрсдэл байгаа тул онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна.

Барааны дэлгүүр, захууд нээгдэж байгаа ч аль болох онлайн худалдаагаа өргөжүүлж, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхыг эрүүл мэндийн байгууллага болон ХӨСҮТ-өөс зөвлөе.

 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Коронавируст халдвар өдрөөс өдөрт нэмэгдэж, хоёрдогч хавьтлын тоо 5,000 шахуу болж байгаа тул иргэд сонор сэрэмжээ өндөрсгөж, өөрийгөө хамгаалахыг анхааруулж байна" гэлээ.

ЭМЯ хэвлэлийн хурал: 2021.01.24:

https://www.facebook.com/iKonNews/videos/237634771165062
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.