Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

А.Амбасэлмаа: Хөнгөн өвчтөнүүд 10-14 хоног эмчлэгдээд гарч байгаа

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр албаныхан сэтгүүлчдийн асуултад хариулав.

- "Өргөө" амаржих газрын даргад яагаад хариуцлага тооцохгүй байна вэ, заавал өөрөө өргөдлөө өгч байж чөлөөлөх юм уу?

Д.Нарангэрэл: Засаг захиргааны нэгжийн хувьд "Өргөө" амаржих газар НЭМГ-ын харьяа байгууллага. Эрүүл мэндийн сайд Нийслэлийн Засаг даргад албан тоот хүргүүлсний дагуу НЭМГ-аас холбогдох хүмүүст хариуцлага тооцож байгаа гэж ойлгож байгаа.

- Хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүмүүсийг гэрт нь тусгаарлах боломжтой юу?

Д.Нарангэрэл: Өвчний тархалт, лабораторийн шинжилгээ, эерэг гарч байгаа тооны хувь гэх мэт 4-5 үзүүлэлтийг үнэлээд манай улс ямар үе шатанд байгаагаа тодорхойлдог. Халдварын нөхцөл байдлын үе бүрд тааруулсан арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Нийслэлд халдвар алаг цоог хэлбэртэй гарч байгаа учраас хүн амын дунд тахалт тархалт болгохгүйн тулд бүх шинж тэмдэгтэй хүнээ нэг дор эмчилж, сувилж байна. 

Хүн амын дунд халдвар өргөн хүрээнд тархаж, тахалт тархалт болвол хөнгөн хүмүүсээ гэрээр нь эмчилж, биеийн байдал нь хүнд эмнэлгийн яаралтай тусламж шаардлагатай хүмүүсээ эмнэлэгт эмчилнэ. 

А.Амбасэлмаа: Бид халдварын эрсдэлийг бодож хөнгөн өвчтөнөөс гадна ойрын хавьтлыг тусгаарлаж байгаа. Мэдээж хэрэг халдварыг кластер хэлбэрт нь барьж нийслэлийг хамарсан дэгдэлт болгохгүйн тулд ажиллаж байна. Халдварыг тухайн голомтод нь дарж авах зорилгоор тусгаарлалтыг хийж байгаа. 

Мэдээж хэрэг эмнэлгийн орны ачаалал нэмэгдээд эхэлбэл хүндэвтэр, хүнд, маш хүнд өвчтөнөө эмнэлэгт аваад, хөнгөн өвчтөн болон хавьтлыг гэрт нь тусгаарлах арга хэмжээ авна. 

Коронавирусийн халдварын үед шинж тэмдэггүй, хөнгөн балархай хэлбэрээр өвчилж байгаа хүмүүс гэртээ байх юмсан гэж бодож байгаа байх. Гэтэл ийм хүмүүс ойр хавийн хүмүүсээ өвчлүүлэх эрсдэлтэй гэдгийг ойлгохыг хүсэж байна. Хөнгөн өвчтөнүүд 10-14 хоног эмчлэгдээд гарч байгаа. Тиймээс тэвчээртэй байхыг ард иргэдээсээ хүсье. 

- "Өргөө" амаржих газрын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөөч?

А.Амбасэлмаа: Урьдчилсан байдлаар "Өргөө" амаржих газарт халдвар бүртгэгдээгүй байна. Гэхдээ давтан шинжилгээнүүд хийгдэнэ. Үүний тулд тэнд байгаа хүмүүсийг ойрын болон дам хавьтлаар эрэмбэлэн ангилаад тусгаарлаж байгаа. 

Амаржсан эх, хүүхдийн биеийн байдал сайн, тогтвортой байгаа.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/431412991513095

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.