Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нарангэрэл: Засгийн газрын хөрөнгөөр авах коронвирусийн эсрэг вакцинаар эхний ээлжид хүн амын 20%-ийг дархлаажуулна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл "Өчигдөр Шадар сайд асан Я.Содбаатар цагаан сараас өмнө вакцин орж ирэх төлөвтэй байгааг олон нийтэд мэдээлсэн. Энэ үнэн бол цагаан сараас өмнө хэчнээн хүнийг дархлаажуулалтад хамруулах боломжтой вэ?" гэсэн сэтгүүлчийн асуултад хариулав.

Тэрбээр "УОК-ын дарга болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын дагуу коронавирусийн вакциныг авах, түгээх, тараах, дархлаажуулах төлөвлөгөө гарсан нь бий.

Уг төлөвлөгөөний дагуу эхний ээлжид хүн амын 20 хувийг вакцинжуулна. Ингэхдээ голомтод ажиллаж байгаа хүчний байгууллага болон эмнэлгийн ажилчдад түрүүлж хийнэ. Хоёр дахь ээлжид 70-аас дээш насны архаг хууч өвчтэй хүмүүсийг хамруулна гэсэн нь бий.

Ер нь 2021 онд багтааж, хүн амынхаа 60-70 хувийг дархлаажуулах төлөвлөгөөтэй. Энэхүү вакцин нь КОВАКС хөтөлбөрийн хүрээнд ирэх бөгөөд Монгол Улсын Засгийн газрын хөрөнгөөр авна.

Түүнчлэн Энэтхэг улсын Ерөнхий сайдад манай улсын Ерөнхий сайдын илгээсэн хүсэлтийн дагуу вакцин орж ирэх юм.

Одоогийн байдлаар Pfizer-ийн PHК-д суурилсан вакциныг болон AstraZeneca, Moderna компанийн вакциныг Монгол Улсад яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрөл олгосон.

Вакцинтай холбоотой асуудлаар Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарч ажиллаж буй. Бидний төлөвлөснөөр бол энэ оны эхний улиралд багтаж дархлаажуулах чиглэлтэй байгаа" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/431412991513095

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.