Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден коронавирусийн цар тахалтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалаа

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөснийхөө маргааш Жо Байден коронавирусийн цар тахалтай тэмцэх ажлыг эрчимжүүлэхэд чиглэсэн 10 тушаал, шийдвэрт гарын үсэг зуржээ.

Трампын засаг захиргаа цар тахалтай цаг тухайд нь тэмцэж чадаагүйгээс вирусийн тархалтыг хяналтаасаа алдсан гэгддэг. Өнөөдрийн байдлаар тус улсад 24.5 сая хүн коронавирусийн халдвар авч, 406,000 гаруй хүн нас бараад байна.

Байден “Ний нуугүй хэлэхэд нөхцөл байдал сайжрахаас өмнө илүү хүнд даваа биднийг хүлээж байна” гэж хэлээд ирэх сард Covid-19 өвчнөөр амиа алдсан хүний тоо хагас саяд хүрэх төлөвтэй байгааг анхааруулжээ.

Дэлхийн хоёрдугаар дайнд алдсанаасаа илүү олон хүнийг цар тахалд алдаад байгаагаа хэлсэн Байден “Энэ бол дайны нөхцөл байдал” гэж мэдэгдсэн байна.

Тэрбээр одоо үргэлжилж байгаа вакцинжуулалтын аяныг эрчимжүүлж, ирэх зуны сүүлч гэхэд хүн амынхаа 70-85 хувийг хамруулж, энэ оны намраас улс орноо хэвийн амьдралд шилжүүлэх төлөвлөгөөг танилцуулжээ.

Одоогийн байдлаар АНУ-д 16.5 сая хүн вакцин хийлгэсэн нь хүн амын 5 орчим хувь болж байна.

Төлөвлөгөөний хүрээнд хот бүрт вакцинжуулах төвүүдийг шинээр байгуулж, ихэнх сургуулиудыг 100 хоногийн дотор нээхээр болжээ. Гадаадаас ирэх зорчигчид халдваргүйгээ баталсны дараа онгоцонд сууж, АНУ-д ирснийхээ дараа 14 хоног тусгаарлагдахаар болсон байна.

Холбооны засгийн газрын байр байгууламжуудад амны хаалт заавал зүүх журам хэрэгжүүлж, нисэх буудлууд, галт тэрэг, нийтийн тээврийн хэрэгслүүдээр зорчихдоо заавал амны хаалт зүүх ёстой болсон байна.

Цар тахалтай тэмцэхэд зориулсан мужуудын санхүүжилтийг нэмэгдүүлж, вакцин, хамгаалах хэрэгслийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр болсон байна.

Эдгээрээс гадна ерөнхийлөгч Жо Байден өмнөх засаг захиргааны шийдвэрийг буцааж, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагыг үргэлжлүүлэн санхүүжүүлэхээр болсон ба ядуу буурай орнуудад вакцин нийлүүлэх Covax хөтөлбөрт АНУ-ыг оролцуулахаар болжээ.

 

Эх сурвалж: BBC