Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жо Байден тангараг өргөлөө

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 1 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатарын цагаар өнгөрсөн шөнө АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Робинет Байден тангараг өргөж, үүрэгт ажилдаа орлоо.

Тэрбээр Америкийн түүхийн хамгийн хүнд цаг үед сонгогдсон ерөнхийлөгч болж буй бөгөөд улс төрийн болон арьс өнгөний үзлээр хуваагдсан улс үндэстнээ нэгтгэх, цар тахлаас салах, эдийн засгаа сэргээх хүнд зорилттой тулгарч байна.

“Өнөөдрийн бидний туулж байгаагаас илүү хүнд хэцүү цаг үеийг үзсэн хүн манай орны түүхэнд цөөхөн байх” гэж Байден хэлсэн үгэндээ онцолжээ.

Тангарагийн ёслолын дараа ажилдаа орсон Байден 15 захирамж гаргаж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын гэрээнд АНУ-ыг дахин нэгтгэх, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын гишүүнчлэлээ сэргээх, зарим исламын шашинт орнуудын эсрэг тавьсан визний хоригийг цуцлах, Keystone XL газрын тос дамжуулах хоолойн зөвшөөрлийг цуцлах зэрэг шийдвэрүүдийг гаргажээ. Мөн холбооны засгийн газрын байр байгууламжуудад амны хаалт заавал зүүх журам санаачилсан байна.

Түүнтэй цуг тангараг өргөсөн Камала Харрис АНУ-ын түүхэнд анхны эмэгтэй, анхны африк гаралтай, анхны ази гаралтай дэд ерөнхийлөгч болсон юм.

Өмнөх ерөнхийлөгч Дональд Трамп уламжлалыг эвдэж, залгамжлагчийнхаа тангараг өргөх ёслолд оролцоогүй байна. Тэрбээр Лхагва гарагийн өглөө ерөнхийлөгчийн нисдэг тэргээр гэр бүлийн хамт Флорида мужийн Палм Бич дэх хувийн амралтын газар руугаа явсан байна.

Жо Байдены тангарагийн ёслолд өмнөх засаг захиргааны дэд ерөнхийлөгч Майк Пэнс оролцсоноос гадна Билл Клинтон, Жорж Буш, Барак Обама зэрэг экс ерөнхийлөгч нар гэргий нарын хамт оролцжээ.

Хоёр долоо хоногийн өмнө Капитолын ордонд гарсан үймээн самууны улмаас энэ удаагийн тангараг өргөх ёслолыг дээд зэргийн харуул хамгаалалтын дор зохион байгуулсан юм. Мөн коронавирусийн цар тахлаас сэргийлэх зорилгоор урьд урьдынхаас цөөн оролцогчтой, цомхон зохион байгуулагджээ.

АНУ-ын түүхэнд хамгийн өндөр настай ерөнхийлөгч болж буй 78 настай Жо Байдены намтартай энэ холбоосоор танилцах боломжтой.

Үйл явдлын гэрэл зурагнууд:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

Эх сурвалж: The Guardian