Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Дамдинням: Банкууд зээлийн хүүгээр ард түмнийг шулж мөлждөг 30 жилийн тогтолцоог өөрчлөх гэсний төлөө эзэд нь харлуулан мушгиж байна

ikon.mn
2021 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.01.20/ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын 6 гишүүнээс өргөн барьсан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Өнгөрсөн 7 хоногт УИХ дахь АН-ын бүлгээс хуулийн төслийн хэлэлцүүлгийг 5 хоног хойшлуулах санал гаргасан бөгөөд өнөөдөр хугацаа дууссан тул хэлэлуүүлгийг үргэлжлүүлж байна. Хуулийн төсөлтэй холбоотой гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: 

“Өнөөдрийг болтол 30 жил энэ хэдэн банкны эздийн шуналаар өдий зэрэгт хүртэл явсан нь харин ч удсан байна. Гар, хөл урттай юм. Банкны эздийн хаанчлалыг таслан зогсоохыг оролдож байгаа энэ оролдлого Монголын үе үеийн парламентад явж байхад өнөөдөр харин батлагдах руугаа орж ирж байна. Үүнийг хүчтэй дэмжиж, ажлын хэсгийг ахлан ажиллаж, хүчтэй дэмжиж байгаа гишүүд рүү зохион байгуулалттай, санхүүжилттэй дайралтуудыг хийж байна. Үеийн үед харлуулан, дарамталж, шантаажилж ирсэн.

 Банкны ногоочин, банкны малчин гэж ойлголт хүртэл гарсан. Зээлийн хүүг бууруулж, ард түмнийг шулж мөлждөг энэ тогтолцоо 30 жил явсан. Одоо хангалттай! Яаж дайрч доромжилсон ч ухрахгүй. Та нарын шуналд хязгаар тавина. Ард түмэн биднээс Зээлийн хүүг бууруулж өгөөч гэж хамгийн их хүссэн. Энэ захиасыг энэ хуулиар биелүүлнэ.

Сүүлдээ банкны эзэд  давраад ард түмний өмч, төрийн өмч болох Эрдэнэт үйлдвэрийг хулгай хийсэн. Т.Доржханд гишүүн түрүүн үнэнийг ярьж байсан. Дархан Төмөрлөгийн үйлдвэрийг яг ингээд хулгайлчихсан. Үүнийг болиулах ёстой. Та нар маш их дайрч байгаа. Ард түмэн тэнэг биш харж байгаа. Банкны эзэрхийлэл, төрийг дээрэмдсэн, бүх бизнесийн салбарыг эзэлсэн эдгээр асуудлуудыг бид эцэслэнэ. МАН үүнийг хийнэ. Үргэлж дарангуйлал, мөлжлөг дор байгаа ард түмнийхээ төлөө зогсоно. Үүнийг битгий мушгин гуйвуул. Дэлхийн 70 гаруй оронд түүнээс 40 гаруй оронд нь хэрэгжээд явж байгаа нэг хүний хувь эзэмшил, түүнд хамаатай этгээдийн эзэмшлийг бууруулах санхүүгийн зах зээл рүү оруулах арга хэрэгсэл хаа сайгүй байгаа. Тийм учраас банкны шинэчлэлийг бид зоригтой хийгээд дуусгах ёстой, гар, хөлүүдийнх нь яриад байгаа үгийг хаях хэрэгтэй” гэлээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: 

“Энэ бол сайн хууль байгаа юм. Долоон жилийн өмнө Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун гишүүн бид гурав энэ хуулийн санаачлагыг гаргасан. Банкны мафиудад үнэхээр дээрэлхүүлж байсан. 100 жилийн өмнө бидний өвөг дээдэс хувьсгал хийхдээ мөнгө хүүлэгч нараас Монголыг аваръя гэж хувьсгал хийсэн. Ширэндэв гуайн шинэ түүхийн ном дээр манжийн үеийн мөнгө хүүлэлт 21 хувь байсан. Одоо түүнээс илүүтэй мөнгө хүүлэлт дээр шаналж зовж байгаа. Тэгэхээр энэ хуулийг дэмжээд, миний зарчмын зөрүүтэй санал юу вэ гэхээр хувьсгалыг ер нь хурдан хийнэ эсвэл удаан хийнэ гэж байдаг. Зөв зүйлийг удаан хийвэл бас буруу байдаг. Тэрэн шиг Иран яг энэ хуулиа гурван сар баталж, хэрэгжүүлсэн. Солонгос, Тайвань зургаан сар. Монополь банкуудын дур зоргоороо аашлалтыг олон нийтийн өмч болгох энэ хуулийг зургаан сарын дотор хийх хэрэгтэй.

2021 оны 6-р сарын 1-ны дотор үүнийг хэрэгжүүлэх хугацааг нь гарга. 2022, 2023 он гэдэг бол арай дэндүү хол байна. Дахиад л банкны мафиуд орж ирээд нэмэлт өөрчлөлтөөр хойшлуулаад яваад байх хандлага үүснэ. Товчхондоо 100 төгрөгийг 126 төгрөгөөр зардаг ард түмэн. Энэ дээр зовдог ард түмнийг аваръя гэвэл хугацаа нь хурдан байх ёстой. Энэ бүх хугацааны асуудал дээр та нар нааштай шийдэж өгч, дэмжээсэй гэсэн зарчмын зөрүүтэй саналаа дэмжиж үг хэлж байна”