Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Занданшатар: Коронавирусийн халдвартай ээжид гаргасан хандлага, бүдүүлэг, арчаагүй алдааг бид тэвчиж өнгөрөх ёсгүй

Т.Саран, iKon.mn
2021 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр "Өргөө амаржих" газарт өчигдөр төрсөн эхийг тээвэрлэсэн асуудалд УИХ-ын дарга болон гишүүний зүгээс байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын дарга Г.Занданшатар “Шинэ төрсөн ээжээс, гэр бүлээс нь, ард иргэдээсээ уучлал хүсэж байна. Хүнд хэцүү цаг үед ч бид Монгол ёс заншил, үнэт зүйл,  хүний эрхийг зөрчих ёсгүй. Өчигдөр Улсын нэгдүгээр төрөхөд төрсөн коронавирусийн халдвартай ээжид гаргасан хандлага, бүдүүлэг, арчаагүй алдааг бид тэвчиж өнгөрөх ёсгүй.

Халдвар дотооддоо алдсан энэ цаг үед халдвар хэнд ч халдаж болзошгүй. Ажилдаа хүйтэн хандаж байгаа дүр зурагтай эвлэрч болохгүй.  Энэ асуудлаар УОК-т шаардлага тавьж, бид ярьсан. Шадар сайд Я.Содбаатар холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох үүрэг өгч ажиллаж байгаагаа мэдэгдсэн. Монголын төр иргэдийнхээ төлөө шударга ажиллах үүрэгтэй” гэв.  

Мөн УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгээс мэдэгдэл гаргаж ирүүлсэн талаар УИХ-ын дарга Г.Занданшатар танилцууллаа. Тэд цар тахлын үед онцгой дэглэмийн горимыг мөрдүүлэхдээ хүнлэг бусаар, хүний эрхийг зөрчиж харьцсанд уучлал гуйсан байна. Түүнчлэн холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцохыг шаарджээ.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Өргөө амаржих" газарт өчигдөр төрсөн эхийг тээвэрлэсэн асуудалд байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр "Хүний эрх гэдэг асар том зүйл байна. Хүний эрхийн комисс ажлаа сайн хийх хэрэгтэй. 

Нялх биетэй эмэгтэйг амаржих газраас авч явж байгаа байдал хүний эрхэд яаж хандаж байгаа вэ гэдгийн илэрхийлэл болсон. Тиймээс алдаа гаргасан хүмүүст хатуу хариуцлага тооцох ёстой.

Хөхөө өвлийн хүйтнээр, ийм байдлаар Монголын төр иргэддээ хандаж болохгүй. Үүнтэй адил сонгогчдынхоо эрхийг ч гэсэн хүндэтгэн хамгаалах учиртай" гэлээ. 

ВИДЕО: 

https://fb.watch/37xoDB1Qjy/