Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

“УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарыг эгүүлэн татахыг шаардаж, УИХ-ын даргад захидал бичье”

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарыг эгүүлэн татах асуудлаар “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд, “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан, хуульч Т.Бат-Оргил, жүжигчин Б.Цэцэг, Үнэн ба зөв намын дарга П.Отгонбаатар нар мэдээлэл хийлээ. 

“Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд: Сүүлийн үед болж байгаа үйл явдлууд олон нийтийг маш их бухимдуулж байна. Шинэ гишүүд нь Хөгжлийн банкнаас маш их хэмжээний мөнгө зээлээд, түүндээ аргацаасан тайлбар хийгээд явж байна. Арилжааны зээлийн оронд хөгжлийн бодлогод  суурилсан зориулалттай зээл авчихаад түүнийгээ арилжааны зээл гэж тайлбарлах, үүнтэйгээ холбоотой хууль батлуулж хүүнээс хөнгөлөгдөх гэж байгаа нь ёс зүйгүй үйлдэл юм. Олон нийт эвлэлдэн нэгдэж, эрх мэдэлтнүүд зөв жишиг, сургамж өгөх шаардлагатай байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчөлтөөр Засгийн газрыг дархлаатай болгосон. Гэтэл өнөөдөр алдаа гаргасан албан тушаалтнууддаа Ерөнхий сайд хариуцлага тооцож чадахгүй байна. 

Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар: Бид үлдэж байгаа үр хүүхдүүддээ ямар ирээдүйг үлдээж байна вэ. УИХ-ын гурван гишүүн 33 тэрбум төгрөгийн хулгай хийсэн. Хамгийн сайн хулгай хийж байгаа УИХ-ын гишүүн болж байна. Цар тахалтай холбоотойгоор үсчин ажиллахгүй байгаа. Үсээ засуулаагүй хүний үс яаж ургасан нь надаас харагдана. Харин УОК-ын дарга Я.Содбаатар ирүү царайлаг харагдана. Монголд хууль мөрдсөн хүн над шиг ядруухан харагдаж амьдарч байна. Хуулийн дээгүүр алхаж байгаа хүн Я.Содбаатар шиг гялтгар харагдана. Бид энэ нийгмийг өөрчлөхийг хүсэж байна. 

Гамшгийн эсрэг үндэсний төвийн ерөнхий зохицуулагч Ж.Ганбаатар: Ковид гарснаас хойш УОК-той хамтран ажиллах санал удаа дараа тавьсан ч өдийг хүртэл дэмжигдээгүй. Хууль хүний төлөө байх ёстой. Гэтэл эрх мэдэлтнүүд Гамшгийн тухай, Ковидын эсрэг хуулийг өөрсдөдөө ашигтайгаар шийдвэрлэж байна. Иргэд хууль дүрмийг мөрдөж байгаа. Харин эрх мэдэлтнүүдийн тушаал шийдвэрүүд нийгмийн бухимдлыг бий болгоод байна. Тиймээс чадах хүнээр нь УОК-ыг удирдуулаач. Улс төрийн албан тушаалтан Гамшгийн тухай хуулийг хэрэгжүүлж чадахгүй. 

Хуульч Т.Бат-Оргил: МҮОНРТ-ийн сэтгүүлч, ажилтнуудад баяр хүргэе. Тэд тэмцлийн эхлэлийн тавьж чадлаа. Монгол хоёр хуваагдаад байна. Феодал болон тэдний зарц, шивэгчин, хамгаалагчид нөгөө талд нь ард түмэн гэдэг тогтолцоо бий болчихоод байна. 
Нэр дурдагдсан гурван гишүүний нэг Г.Амартүвшин гадаадын иргэн гэдэг нь тогтоогдсон. АНУ-ын Засгийн газрын сайт дээр нь өөрийнх нь хүсэлтээр АНУ-ын иргэншлээс хаслаа гэдэг мэдэгдэл гарсан байгаа. Тэгэхээр нь энэ нь Монгол Улсын хуулийг зөрчиж байна. Эрх баригч намын удирдлагууд зүтгэсээр байгаад ийм хүнийг УИХ-ын гишүүн болгосон. 

33 тэрбум төгрөг хэр их мөнгө вэ. Яагаад сонгуулийн өмнө тэр их мөнгө энэ гурван хүнд очсон бэ. Надад 195 мянган төгрөгийн зөрчлийн хэрэг үүсгээд байгаа Аудитын газар тэдгээр хүний 33 тэрбум төгрөгийн асуудлыг шалгасан юм болов уу. Яагаад сонгуулийн өмнө тийм их хэмжээний мөнгө Хөгжлийн банкнаас гарсныг АТГ, тагнуулын байгууллага шалгасан уу. 

Гэтэл ганцхан надад ч биш УИХ-ын сонгуульд бие даан дэвшсэн хүмүүст 10-40 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. Энэ бол бидэнтэй өрсөлдсөн учраас, дараагийн сонгуульд оролцуулахгүй гэж нухчин дарж байгаа үйлдэл юм. Тиймээс энэ гурван гишүүнийг эгүүлэн татахыг шаардаж, УИХ-ын даргад захидал бичье.  

“Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан: Нийгэмд болоод байгаа зүйл сонгуулиас эхтэй. Бүх тойрогт асар их хэмжээний мөнгө тараагддаг. Хувь хүнд 50-100 мянган төгрөг очно. Их мөнгө биш л дээ. Тэрний төлөө бүгд сонгууль өгдөг. Шударга ёс, хэнийг дэмжих билээ гэж огт боддоггүй. Үүнээс болж улстөрчид нь гаараад, галзуураад, айж, ичихээ больчихсон. Бид 1000 жил ядуу явах уу 1-2 жил тэмцэж шударга бус явдлыг таслан зогсоох уу гэдгийг шийдэх цаг ойртож байна.