Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

Цасан шуурганы улмаас Японд хурдны зам дээр 130 автомашин гацжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Японы хойд, зүүн хойд нутгуудаар их хэмжээний цас орж, хүчтэй шуурсны улмаас зам тээврийн томоохон осол гарсан байна.

Мияги мужийн Осаки хотын ойролцоох Тохокү Экспресс хурдны зам дээр олон тооны автомашин ар араасаа мөргөлдсөний улмаас нэг хүн амиа алдаж, 17 хүн бэртжээ.

Ослын үеэр 50 машин ноцтой гэмтэж, 130 гаруй машин зам дээр түгжирсэн байна. Жолооч, зорчигч нийлсэн 200 орчим хүн  их цасан дунд хаашаа ч явах  боломжгүй болжээ.

Энэ үеэр ослын газарт салхины хурд 27 м/секунд хүрсэн нь тухайн бүс нутагт нэгдүгээр сард бүртгэгдсэн хамгийн дээд хэмжээ болсныг Японы Цаг уурын хүрээлэн мэдээлсэн байна.

Ойрын өдрүүдэд Хоккайдо арал, Тохокү, Хокүрү бүс нутгуудад цасны хэмжээ нэмэгдэж, зам мөстөхийг тус хүрээлэн анхааруулжээ. Тухайлбал ойрын 24 цагийн хугацаанд Хоккайдо арал, Хокүрикү бүс нутагт салхины хурд 35 м/секунд, Тохокүд 30 м/секунд хүрэх бол цасны зузаан 50 см хүрэх гэнэ.

Япон улсын засгийн газар өчигдөр ерөнхий сайдын дэргэдэх гамшгийн удирдлагын төвд шуурхай хурал зохион байгуулж, зам дээр гацсан иргэдийг аврах ажлыг эхлүүлсэн байна.

Эх сурвалж: Kyodo News, Global News