Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

Я.Содбаатар: Амаржсан эхийг тээвэрлэхдээ хүнлэг бус харьцсанд тухайн эмэгтэй болон ар гэрийнхнээс нь уучлал хүсэж байна

А.Намуун, iKon.mn
2021 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэлийн Өргөө амаржих газарт өчигдөр амаржсан эхээс коронавирусийн халдвар илэрсэн тул ХӨСҮТ рүү шилжүүлсэн билээ. Ингэхдээ эхэд гадуур хувцас өмсүүлээгүй, халаад, углааштай нь яаралтай түргэн тусламжийн машинд суулгаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тарж, ихээхэн шүүмжлэл дагуулсан.

Энэ талаар УОК-ын тэргүүн, Шадар сайд Я.Содбаатар "Нэгдүгээр төрөх эмнэлэгт амаржсан эхэд халдвар илэрч ХӨСҮТ-д шилжүүлсэн. Тээвэрлэхдээ дэндүү хүнлэг бус харьцсанд УОК- ын даргын хувьд тухайн эмэгтэй болон түүний ар гэрийнхнээс уучлал хүсэж байна.

Гүйцэтгэл дээр алдаа гаргасан, хүнлэг бус харьцсан холбогдох хүмүүст хариуцлага тооцохыг Эрүүл мэндийн сайдад үүрэг болголоо.

Бид хамтдаа аюулт цар тахалтай тэмцэж байна. Гэхдээ аливаа асуудалд иргэнтэй харьцахдаа хүнлэг ёсоор хандаж, ажилдаа сэтгэлээсээ хандах нь төр түмэндээ тангараг өргөсөн төрийн албан хаагчдын үүрэг гэдгийг ухамсарлах хэрэгтэй.

Хэчнээн хүнд амаргүй цаг үед ч гэлээ хүн чанар, хүнлэг ёсыг алдаж болохгүй. Монголчууд бид хамтдаа л энэ цагийг даван гарна. УОК, ЭМЯ холбогдох төрийн байгууллагуудын гүйцэтгэл дээр гарч байгаа болон хүний хүчин зүйлээс шалтгаалсан алдаа гарч байгаад дахин уучлал хүсье. УОК иргэдийн санал бодлыг байнга сонсож ажиллаж байгаа бөгөөд цаашид ч хамтран ажиллана гэдгээ илэрхийлж байна" хэмээн фэйсбүүк хуудастаа бичжээ.

Амаржсан эхийг ХӨСҮТ рүү шилжүүлэх явцыг Ийгл телевиз шууд дамжуулан үзүүлсэн юм.

https://fb.watch/37dBrwDRD_/