Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн хувиар сүүлчийн мэдэгдлээ хийлээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Мягмар гарагт Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн хувиар сүүлчийн мэдэгдлээ хийлээ. Тэрбээр дараагийн засаг захиргааны амжилтын төлөө залбирахыг Америкчуудад уриалахдаа залгамжлагчийнхаа нэрийг дурдаагүй байна.

“Энэ долоо хоногт бид шинэ засаг захиргаагаа хүлээн авч, Америкийг айх аюулгүй, баян чинээлэг байлгаасай гэж залбирах болно. Бид тэдэнд хамгийн сайн сайхныг хүсэхээс гадна азтай байхыг ерөөх ёстой. Аз бол тэдний хувьд маш чухал үг юм” гэж Трамп хэлжээ.

Тэрбээр улс орныхоо хүчин чадалд итгэл алдрахгүй байхыг Америкчуудад уриалсан байна. “Бидний хамгийн том аюул бол улс үндэстнийхээ хүчин чадалд үл итгэх явдал юм. Америк бол санал зөрөлдсөн бүхнээс зугтаж, нуугдаж явдаг хүлцэнгүй үндэстэн биш” гэж тэр хэлжээ.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийж бүтээснээ ярихдаа Трамп “Бид энд ирээд хийх ёстойгоосоо илүү ихийг хийсэн. Би маш хэцүү тэмцэл явуулж, маш хүнд сонголтуудыг хийсэн. Энэ бол та бүхний намайг сонгосон шалтгаан юм”  гэж хэлсэн байна.

“Бид холбоотны хэлхээ холбоогоо хүчирхэгжүүлж, урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр дэлхийн улс орнуудыг Хятадын эсрэг зогсоож чадлаа. Би сүүлийн олон арван жилийн хугацаанд ганц ч дайн эхлүүлээгүй анхны ерөнхийлөгч болсноороо онцгой их бахархаж байна” гэж Трамп гадаад бодлогын амжилтаа дурджээ.

Тэр бас таван хүний амь үрэгдсэн  Капитолын үймээн самууны талаар хэлэхдээ “Капитолд болсон үйл явдал бүх Америкчуудыг цочроосон билээ. Улс төрийн хүчирхийлэл нь Америкчуудын нандигнан хамгаалдаг бүхний эсрэг үйлдэл мөн. Үүнийг бид хэзээ ч тэвчих ёсгүй” гэсэн байна.

Гэхдээ тэр өөрийн улс төрийн тэмцлийг цааш үргэлжлүүлэхээ энэ үеэр илэрхийлсэн юм. “Лхагва гарагийн үд дунд би шинэ засаг захиргаанд эрх мэдлээ шилжүүлж өгөх гэж байна. Гэхдээ бидний эхлүүлсэн тэмцэл бол дөнгөж эхлэл юм гэдгийг би та бүгдэд сануулмаар байна” гэж Трамп хэлжээ.

Дональд Трамп шинэ ерөнхийлөгч Жо Байдентай уулзалгүйгээр Цагаан ордноос явах төлөвлөгөөтэй байгаа. Тэрбээр Байдены тангараг өргөх ёслолыг эхлэхээс өмнө Флоридагийн Палм Бич дэх хувийн амралтын газар руугаа нисэх юм.

 

Эх сурвалж: Reuters