Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллийн хурлаа хийж, коронавируст халдварын нөхцөл байдлын талаар танилцууллаа.
Үүний дараа ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-"Мөнгөн гүүр" эмнэлгийн лаборантыг эрүүл байхад нь коронавирусийн халдвартай хэмээн буруу оношилсон талаар иргэнээс мэдээлэл ирсэн. Мөн түүний амьдардаг Баянгол дүүрэг дэх 43 дугаар байрны нэг оршин суугчийг буруу оношилсон гэсэн. Энэ талаар тайлбар өгнө үү?
-Баянгол дүүргийн 43 дугаар байрны дөрвөн хүнээс коронавирусийн халдвар илэрсэн. Үүнийг ЗӨСҮТ баталгаажуулж, ХӨСҮТ-д ирүүлсэн. Вирус илэрсэн тул ХӨСҮТ-д хэвтүүлэн эмчилж эхэлсэн. Эмчилгээ эхэлснээс хойш дараа, дараагийн шинжилгээнд вирус илрэхгүй байж болдог. Хамар залгиурт вирус байхгүй үед илрэхгүй байх тохиолдол бий. Хавьтлуудын шинжилгээ авах үед вирус илэрсэн тул тухайн хүнийг ХӨСҮТ-д хэвтүүлсэн. Биеийн байдал нь сайн байгаа.
-Эмчилгээ хийж байна гэх нэрийдлээр С витамин, виферон лаа өгч байгаа гэсэн?
-Эмчилгээг Эрүүл мэндийн сайдын баталсан тушаал, ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу удирдамж, эмчилгээний стандартын дагуу эмчилгээ, үйлчилгээг үзүүлж байна. Өвчний явцын зэрэгт тохирсон эмчилгээг хийж байгаа.
-Коронавирусийн халдварын улмаас Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй эхийн нярай хүүхдээс нь мөн халдвар илэрлээ гэх мэдээлэл гарсан. Үүнд хариулт өгнө үү?
-Хөхүүл хүүхэдтэй эх халдвар авсан тохиолдолд хүүхэдтэй нь хамт тусгаарлахаас өөр аргагүй. Энэ тохиолдолд хэвтэх үед нь халдварын сэргийлэлт, хяналтын дэглэмийг зөвлөмж болгодог. Хөхүүл эх хүүхэдтэйгээ хамт хэвтэж байгаа хэд хэдэн тохиолдол бий. Одоогоор тухайн нярайгаас халдвар илэрсэн тохиолдол байхгүй.
ВИДЕО: