Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын конгрессийн даргын өрөөнөөс хулгайлсан зөөврийн компьютерыг Оросын талд зарах гэж байгааг мэдээлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Нэгдүгээр сарын 6-ны өдөр Капитолын ордонд гарсан үймээний үеэр нэг эмэгтэй конгрессийн төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелосигийн өрөөнөөс зөөврийн компьютер хулгайлсан хэргийг Холбооны Мөрдөх Товчоо шалгаж байгааг албаны эх сурвалж мэдээлжээ.

Пеннсильвани мужийн иргэн Райли Жюн Уилльямс гэгч эмэгтэй Капитолын ордонд гарсан үймээний үеэр Пелосигийн өрөөнд байсан нь видео бичлэгт хадгалагдаж үлдсэн юм байна. Уг эмэгтэй одоо тусгай хамгаалалттай байгууламжид зөвшөөрөлгүй нэвтэрсэн, эмх замбараагүй байдал үүсгэсэн хэргээр эрэн сурвалжлагдаж байгаа ажээ.

Холбооны Мөрдөх Товчоонд шалгагдаж байгаа этгээдийн гэрчилснээр Уилльямс нь тухайн өдөр спикерийн өрөөнөөс зөөврийн компьютер, зөөврийн хатуу дискний аль нэгийг хулгайлж авсан гэнэ.

Хулгайлсан төхөөрөмжөө Орост амьдардаг найзаараа дамжуулан ОХУ-ын тагнуулын албанд зарах төлөвлөгөөтэй байгаагаа Уилльямс ярьсныг тэр бас гэрчилжээ.

Нэнси Пелосигийн ажлын алба спикерийн өрөөнөөс ямар нэг тоног төхөөрөмж алдагдсан эсэх талаар хэвлэлийнхэнд тодруулга өгөөгүй байна.

Ямартай ч Холбооны Мөрдөх Товчоо гэрчийн өгсөн мэдээллийн дагуу шалгаж эхэлжээ. 

Уилльямс хоёр долоо хоногийн хугацаатай гэрээсээ явсныг ээж нь мэдүүлсэн тухай Пеннсильвани мужийн Харрисбург хотын цагдаагийн газар мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: Politico