Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

QR код ашиглалт хангалтгүй байгууллагуудын зөрчлийг арилгуулсны дараа нээх үүрэг өглөө

ikon.mn
2021 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяраар ахлуулсан хяналтын баг өчигдөр Сүхбаатар дүүрэгт байрлах зарим худалдаа, үйлчилгээний төв, рестораны QR платформын хэрэглээнд ээлжит шалгалт явууллаа.

Шалгалтад Сүхбаатар дүүргийн хороодод байрлах нэр бүхий сүлжээ дэлгүүрүүд, рестораныг хамруулсан байна. Хяналт шалгалтын явцад байгууллагууд QR бүртгэлийг хийхгүй байх, үйлчлүүлэгчдээ бүрэн хамруулаагүй зөрчил илэрлээ. Тухайлбал, нэр бүхий нэг сүлжээ дэлгүүрийн үүсгэсэн QR уншигдахгүй байх, өөр нэгэн дэлгүүрийн QR код уншуулсан бүртгэл 200 гаруй байсан бол кассын гүйлгээгээр 1,000 гаруй хүнд үйлчилсэн  зөрчил илэрсэн байна. Харин ресторан кассын гүйлгээн дээр 200 гаруй хүнд үйлчлүүлсэн мэдээлэлтэй бол QR бүртгэлийг ердөө нэг хүнд хийсэн зөрчил илрэв. 

Тиймээс дээрх үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг өчигдөр хааж, зөрчлийг нь арилгуулсны дараа нээх үүргийг холбогдох албаныханд өглөө. 

 

Нийслэлийн зүгээс өргөтгөсөн шалгалтыг цаашид ч эрчимжүүлэх бөгөөд иргэдийн QR бүртгэл хангалтгүй байгаа ААН-үүдэд шаардлага хүргүүлж, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авах юм. Иргэд QR бүртгэлийг хариуцлагатайгаар тогтмол ашиглах, ААН-үүд үүнд шаардлага тавьж үйлчилж хэвших нь цар тахлаас үүдэлтэй бэлэн байдлын үед бүх нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдалд үнэтэй хувь нэмрээ оруулж буй явдал юм.

Иймд хамтдаа хариуцлагатай байж, QR бүртгэлийг хэвшил болгохыг ААН, иргэдэд хандан уриалж байна.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс