Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

Санхүүгийн зохицуулах хороонд ажилласан 15 жилийн минь дурсамж

ikon.mn
2021 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Хувийн архиваас

Б.АЮУШ / Хорооны ахмад ажилтан, эдийн засгийн ухааны доктор/

Монгол хөрөнгийн зах зээл үүсч бий болсон цагаас хэдийнэ 30 жил өнгөрсөн байна. Миний хувьд амьдралынхаа хамгийн үр бүтээлтэй байдаг насаа хөрөнгийн зах зээлд өнгөрүүлжээ. Өмч хувьчлалын бодлогын хүрээнд их хувьчлал буюу томоохон үйлдвэрийн газруудыг хувьцаат компани болгон өөрчлөн байгуулах, тэдгээрийн хувьцааг Монгол Улсын иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэх зорилгоор төлбөрийн хэрэгсэл болгон тараасан хөрөнгө оруулалтын эрхийн бичгийн арилжаа явагдаж дуусаад цаашид хөрөнгийн зах зээлийн хоёрдогч арилжаа буюу хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр худалдан авч эзэмшсэн хувьцаагаа бэлэн мөнгөөр худалдах арилжааг эхлүүлэх бэлтгэл ажил ид явагдаж байх үеэс Үнэт цаасны хороонд ажиллаж эхэлсэн билээ. 

Бэлэн мөнгөний арилжаа эхэлснээр хөрөнгийн зах зээл жинхэнэ утгаараа ажиллаж эхлэх учраас уг зах зээлийг зохицуулах эрх зүй, зохицуулалтын орчинг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай болсны улмаас 1993 онд анхны Үнэт цаасны тухайн хууль батлагдан гарч, зах зээлийг зохицуулах хянах, улмаар хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах үндсэн чиг үүрэг бүхий төрийн зохицуулалтын байгууллага болох Үнэт цаасны хороог байгуулсан байдаг.

Монголын хөрөнгийн зах зээлийн үүсэл хөгжлийн нэг онцлог нь улсын өмч байсан үйлдвэрийн газруудыг ард иргэдийн өмчлөлд шилжүүлэх зорилгоор буюу өмч хувьчлалыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэйгээр үүссэн бөгөөд хувьчлалаар бий болсон компаниуд болон тэдгээрийн үнэт цаасыг бүртгэх, арилжааг зохион байгуулах, иргэдийн хувьцаагаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бүртгэн батлагаажуулах чиг үүрэгтэй Хөрөнгийн бирж, эхэн үедээ хөрөнгийн биржийн салбар хэлбэрээр байгуулагдсан брокерийн пүүсууд бий болсон байдаг. Өөрөөр хэлбэл уг зах зээлийг зохицуулах тухайлсан хууль, төрийн зохицуулалтын байгууллага байгуулагдаагүй байхад зөвхөн өмч хувьчлалын үйл ажиллагааг хэрэгжүүлэх хууль тогтоомжинй хүрээнд үйл ажиллагаа нь явагдаж эхэлсэн байдаг.

Эн онцлогтой холбоотойгоор Монголын хөрөнгийн биржээс батлан гаргасан дүрэм журмуудаар хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааг зохицуулж ирсэн бөгөөд хөрөнгийн бирж нь хяналт зохицуулалтын байгууллагын чиг үүргийг 1994 он хүртэл гүйцэтгэж ирсэн билээ.  Хороо байгуулагдсан анхны үед  Хөрөнгийн зах зээлийг хянах зохицуулах чиг үүргийг Хөрөнгийн биржээс шилжүүлэхтэй холбоотой нилээдгүй асуудлууд гардаг байсныг санаж байна. Гэхдээ мэдээж албан ёсоор шилжүүлэх дүрэм журам байгаагүй зөвхөн хүмүүсийн хоорондын харилцаа, харилцан суралцах, үр дүнтэй хамтран ажиллахтай холбоотой асуудал  байсан гэдгийг хэлэх нь зүйтэй. Зохицуулалтай байгууллагууд болох Монголын хөрөнгийн бирж, брокерийн пүүсүүдийн зарим ажилтнууд Хорооны анхны  ажилтнуудыг бодвол илүү туршлага, мэдлэгтэй байсан билээ.  

Миний хувьд Хөрөнгийн биржийн Баяраа, Батбилэг, Энхбаяр, Батжаргал, Эрдэнэтбат зэрэг залуу захирлууд мөн түүнчлэн анхны брокерийн пүүсийн захирлууд болох Амаржаргал, Ш.Эрдэнэ, Баатархуяг зэрэг туршлагатай мэргэжилтүүдээс их зүйл суралцсан. Тэдэнд одоо хүртэл талархаж явдагаа хэлэхийг хүсч байна.
Хорооны хувьд анх байгуулагдсаны дараа ажилтнууд нь зах зээлд суралцах , Үнэт цаасны тухай хуульд нийцүүлэн зах зээлийг зохцуулах дүрэм журмыг боловсруулах зэрэг нөр их ажил нь туршлага мэдлэг, ялагуяа мэдээлэл дутмаг үед үнэхээрийн бэрхшээлтэй ажил байсныг хэлэх нь зүйтэй. Гэхдээ Хорооны анхны дарга санхүүгийн салбарын шилдэг эрдэмтэн судлаачдын нэг болох доктор Ж.Ядамсүрэнгийн удирдлагын дор энэ ажлыг харьцангуй богино хугацаанд амжилттай хэрэгжүүлж билээ. Тэр үед боловсруулан гаргасан журмуудын үзэл баримтлал одоо ч олон журмын суурь болсоор байгаа. 

Би анх Хороонд ирэхдээ  хожим нь УИХ-ын гишүүн болсон Р.Содхүү даргын удирдлагад ажилласан, Р.Содхүү бүртгэл санхүүгийн ажлын арван туршлагатай, хатуу чанад шаардлагатай боловч  энгийн үедээ нөхөрсөг сайхан сэтгэлтэй дарга байсан. Бид хөрөнгийн зах зээлд янз бүрийн шатанл олон жил хамтран ажилласан найз нөхдийн харилцаатай болсон үе тэнгийн хүмүүс. Хожим нь мөн л УИХ-ын гишүүн байсан Ж.Жадамбаа, Х.Володя нар болон Ц.Цэрэндорж нарын зэрэг туршлагатай төрийн албан хаагчидтай хамтран ажиллаж, төрийн ажлын дөртэй болж байсандаа талархаж явдаг.

Намайг анх Хороонд орох үед буюу 1994 оны үед төрийн албан хаагчид ажлаасаа гарч наймаа арилжаа эрхлэдэг болж байснаас төрийн албанд ажиллахаар орох нь их л ховор болсон цаг байсан бөгөөд Ж.Ядамсүрэн дарга,  Сэржамц дарга хоёр нилээд хүчилж байж л би энэ ажилд шилжсэн юмдаг. Би багшийн ажилдаа дуртай энэ ажлаа л үргэлжүүлэн хийнэ гэсэн бодолтой байсан юм. 

Их сургуульд 10 гаруй жил багшлаад, Орост дэд эрдмийн зэрэг хамгаалаад ирсэн, өөрийгөө бичих боловсруулах ажилд муугүй гэж боддог байсан миний хувьд Ж.Ядамсүрэн дарга анх бичсэн албан бичгүүдийг минь улаан цоохор болгоод буцаахад их л санаа зовж байсан юмдаг. Лекц бэлдэх, албан бичиг төлөвлөх хоёрын хооронд,багшлах төрийн албан залгуулах хоёрын хооронд ихээхэн ялгаатай гэдгийг тэгж л анх сурч байж билээ. 

Хөрөнгийн зах зээл нь шинэ тутам үүсэж бий болсон, эрх зүй хяналт зохицуулалт гээд бүх л асуудал нь шинэ учраас байнга л сурч байх шаардлагатай байсан нь тэнд ажиллаж байсан олон залуучуудын хувьд  хүн насан туршдаа сурч байх ёстой, хянах зохицуулах байгууллага болон хяналтад байдаг байгууллага хороонд харилцан итгэлцэл, хамтын ажиллагаа чухал гэдгийг ойлгуулсн он жилүүд байсан гэж би хувьдаа боддог. Дараа нь Гүндэнбал, Д.Баярсайхан зэрэг дарга нарын удирдлагад ажилласан. Хорооны даргын мэдлэг туршлага, мэргэшсэн чиглэл нь тухайн даргын удирдлагын дор Хороо яухам ямар ажлыг гол болгон амжуулсан гэдийг тодорхойлж ирсэн гэж би боддог. Гүндэнбал дарга аймаг удирдаж байсан аж ахуйн ажлын туршлагатай хүн байсан болохоор тэр чиглэлд илүү анхаарал тавьж ажилласан.

Харин Д.Баярсайхан даргын хувьд санхүүгийн зах зээлийн эрх зүйн орчныг сайн мэддэг, эрх зүйч хүний хувьд, мөн түүнчлэн олон салбарын хяналтын нэг дор нэгтгэн Санхүүгийн зохицуулах хороо байгуулагдаад байсан түүхэн нөхцөл зэрэгтэй уялдаатаагйаар зохицуулж буй олон салбарын эрх зүй, зохицуулалтын орчныг сайжруулах тал дээр ихээхэн анхаарч олон зүйлийг хийсэн.

Хороонд ажилласан хугацаандаа ажилдаа сэтгэл зүрхээ зориулан, өөрийгөө дайчлан ажилласан олон залуучууд энэ зах зээлийн шилдэг мэргэжилтэн болон төлөвшиж ирснийг харахад урамтай байдаг. Т.Жамбаажамц, С.Тулгаа, Долгорсүрэн  нарыг дурьдаж болно. Ойн өдрийг тохиолдуулаад үе үед хамтран ажиллаж ирсэн нөхөддөө болон Хороо, хөрөнгийн бирж болон зах зээлийн бусад оролцогчиддоо баярын мэнд дэвшүүлж, ажлын өндөр ажилт хүсэн ерөөе.