Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

Булагдсан биткоиноо ухаж гаргах эрх авахын тулд хотын оршин суугчдад $70 саяын тусламж амлажээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 1 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Их Британийн IT мэргэжилтэн Жэймс Ховеллс 2009 онд 7,500 биткоин хадгалсан хуучин хатуу дискээ хог болгон хаяж байжээ.

Тэрбээр өөрийн олборлосон биткоинуудаа үнэ хүрдэггүй байхад нь ийнхүү хаясан юм байна.

Гэвч биткоины үнэ ханш жилээс жилд өссөн нь Ховеллсыг хаясан эд зүйлээ буцаан олж авах арга хайхад хүргэжээ. Өнөөдөр уг криптовалютын үнэ ханш $37,000 орчимд хүрээд байна.

Тэрбээр Ньюпорт Сити хотын зөвлөлд хандаж, хуучин хогийн цэгт малтлага явуулах зөвшөөрөл удаа дараа хүссэн байна.

Хэрвээ зөвшөөрөл өгвөл Ховеллс олсон биткоиныхоо дөрөвний нэгийг хотын оршин суугчдад хувааж тараахаа амлажээ.

Тэрбээр хаясан биткоиных нь үнэлгээ $9 саяд хүрэх үед буюу 2013 онд олж авахаар хөөцөлдөж эхэлсэн байна. Харин өнөөдөр түүний хаясан хөрөнгийн хэмжээ $273 сая хүрээд байгаа юм.

Хэрвээ хаясан бикткоиноо олж чадвал тэр Ньюпорт Сити хотын оршин суугчдад нийт $71 саяыг тараах ба энэ нь нэг хүнд $239 орчим оногдоно гэсэн үг. Ньюпорт Сити хот 316 мянган оршин суугчтай. Ховеллс олсон хөрөнгийнхөө 25 хувийг хотын иргэдэд тарааж, 50 хувийг төрөл бүрийн төслүүдэд хөрөнгө оруулж, үлдсэн 25 хувийг өөртөө үлдээх төлөвлөгөөтэй гэнэ.

Харамсалтай нь хотын зөвлөл түүнд хуучин хогийн цэгт малтлага хийх эрх олгохоос татгалзжээ.

“Хаясан тоног төхөөрөмжөө олж авахын тулд хуучин хогийн цэгт малтлага хийх хүсэлт 2013 оноос хойш манайд хэд хэдэн удаа ирсэн. Гэвч малтлага хийвэл ойролцоо газар нутгийн  байгаль орчинд ноцтой сөрөг нөлөө үзүүлэх тул бид зөвшөөрөл өгөхөөс татгалзаж байгаа. Мөн олон саяын үнэтэй хөрөнгө олж авах оролдлого амжилттай болно гэсэн баталгаа байхгүй юм” гэж Ньюпорт Сити хотын хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

 

Эх сурвалж: CNN