Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

Байдены тангараг өргөх өдрийн өглөө Трамп Цагаан ордноос явна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 1 сарын 16
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийг нь залгамжлах Жо Байдены ерөнхийлөгчийн тангараг өргөх өдрийн өглөө Цагаан ордноос явах болсныг ойрын эх сурвалжууд нь өчигдөр мэдээлжээ.

Энэ нь ирэх долоо хоногийн Лхагва гараг юм. Байдены тангараг өргөх ёслолын ажиллагаанд оролцохгүй гэдгээ Трамп өмнө нь мэдэгдээд байгаа.

Тэрбээр Лхагва гарагийн өглөө Флоридагийн Палм Бич рүү нисэж, өөрийн эзэмшлийн Мар-А-Лаго амралтын газарт төвхнөх гэнэ. Цагаан ордонд ажиллаж байсан зарим туслахууд нь Палм Бичэд очиж, Трампын ажлын албанд үргэлжлүүлэн ажиллахаар болжээ.

Тангараг өргөх өдрөөс өмнө Жо Байденыг Цагаан ордонд хүлээж авч уулзахыг зарим туслахууд нь зөвлөсөн ч Трамп хүлээж аваагүй гэнэ.

Үлдэж байгаа цөөн хэдэн хоногийн хугацаанд Дональд Трамп олон тооны хүмүүст өршөөл үзүүлэхээр төлөвлөсөн тухай эх сурвалжууд мэдээлж байна. Өөрөө өөртөө өршөөл үзүүлэх боломжийг ч судалж байгааг мэдээлжээ.

Тэрбээр хоёр удаа гэм буруутай үйлдлээ конгрессоор шүүлгэсэн АНУ-ын түүхэн дэх анхны ерөнхийлөгч болж байгаа.

Нэгдүгээр сарын 6-ны өдөр Капитолын ордонд гарсан үймээн самуунд иргэдийг турхирсан гэж Трампыг буруутгаж байгаа юм.

Түүний гэм бурууг шүүх ажиллагаа Байдены тангарагийн ёслолын дараа АНУ-ын Сенатад болох төлөвтэй байна.

Конгрессийн доод танхим болох төлөөлөгчдийн танхим ерөнхийлөгчид итгэл үзүүлэх боломжгүй гэсэн шийдвэрийг олонхын саналаар энэ долоо хоногт гаргасан бөгөөд тогтоолоо ирэх долоо хоногийн эхээр Сенатад илгээх ажээ.

Pew Research Center байгууллагын сүүлийн судалгаагаар Дональд Трампын рэйтинг 29 хувьд хүрсэн нь АНУ-ын ерөнхийлөгч нарын түүхэн доод үзүүлэлт болсон байна. 2020 оны арваннэгдүгээр сард болсон сонгуулийн дараах үйл ажиллагаа нь түүний рэйтингийг унахад голлон нөлөөлжээ.

 

Эх сурвалж: Reuters