Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Энхтайван: Дипломат ажилтнууд хар тамхитай холбоотой хэрэгт оролцохгүй гэдгийг хэлье

Т.Саран, iKon.mn
2021 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаанаар гишүүд гадаад худалдааны талаар мэдээлэл сонсож, асуулт асууж, хариулт авав. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат "Гадаад харилцааны яам гадаад худалдаагаар гайхуулаад байх зүйл алга. 2016 онд чөлөөт худалдааны хэлэлцээрийг АН-ын үед байгуулж байсан. Яг үүн шиг гэрээ хэлэлцээрийг БНХАУ-тай байгуулж чадах уу? 

Гадаад харилцааны яамны боловсон хүчин үеийн үед маш сайн байсан. Гэтэл сүүлийн үед хар тамхины наймаагаар мэргэшсэн яам гэж цоллуулж байна. Энэ байдал юу болсон бэ? Ямар хүмүүс хариуцлага хүлээсэн бэ? Австралийн Элчин зөвлөхөөр ямар хүнийг тавина гээд гайхуулаад байна вэ? Төрийн албыг наймаалцахгүй шүү. Япон улстай байгуулсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр юу болсон бэ?" хэмээн асуув. 

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван "Япон улстай 2018 онд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан. Энэ хэлэлцээрийг анх эхлүүлж байсан хүний нэг нь би. БНХАУ болон ОХУ-тай иж бүрэн түншлэлийн харилцаатай. Энэ хоёр улстай худалдаа эдийн засгийн харилцааг тэнцвэртэй түвшинд хөгжүүлнэ.

Хар тамхитай холбоотой асуудал нь ГХЯ-ыг олон нийтэд муухайгаар харагдуулах үйл явдал болсон гэдэг дээр санал нэг байна. Энэ үйл явдал намайг сайд болохоос өмнө болсон гэдгийг та мэдэж байгаа.

Намайг сайдаар ажиллах хугацаанд гадаад харилцааны чиглэлээр ажиллаж байгаа дипломат ажилтнууд хар тамхитай холбоотой хэрэгт оролцохгүй гэдгийг хэлье. Боловсон хүчний чадварыг илүү сайжруулахад анхаарч ажиллах болно" гэж хариуллаа.