Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Энхтайван: Манай улсын худалдааны тэнцэл 2020 онд 2.3 тэрбум ам.долларын ашигтай гарсан

Т.Саран, iKon.mn
2021 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд Гадаад харилцааны сайд Н.Энхтайван оролцож, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн хүргүүлсэн гадаад худалдааны талаарх асуулгад хариулж, мэдээлэл өглөө. 

Манай улсын гадаадын худалдааны эргэлт 2020 онд 12.8 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 7.5 тэрбум ам.доллар, импорт 5.3  тэрбум ам.доллар болов. Ингэснээр манай улсын худалдааны тэнцэл 2020 онд 2.3 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.

“Цар тахалтай үед гадаад худалдааны тэнцэл эерэг гарахад Засгийн газраас хөрш орнуудтай худалдааг хэвийн явуулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүнчлэн эрдэс баялгийн экспорт нөлөөлсөн.

Монгол Улсын гадаад худалдаа ДНБ-ий 126 хувьтай тэнцэх хэмжээнд хүрсэн бөгөөд эдийн засагт чухал хувь нэмэр оруулж байна. Гэхдээ гадаад худалдааны нээлттэй чөлөөт бодлого нь эдийн засгийн бусад салбаруудтай харьцуулахад уул уурхайн салбарт хөгжлийн илүү өргөн боломжийг нээж, аж үйлдвэр, хөдөө аж ахуй зэрэг эдийн засгийн бусад салбарын нийт экспортод эзлэх хувийн жин чамлалттай байгааг та бүхэн мэднэ.

2019 оны байдлаар Монгол Улсын нийт экспортын 83.7 хувийг олборлох үйлдвэрийн түүхий эд, 1.3 хувийг хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, 5.7 хувийг нэхмэл сүлжмэл эдлэл тус тус эзэлж байна” хэмээн Гадаад харилцааны сайд Н.Энхтайван танилцууллаа.

18 нэр төрлийн бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргана

Үргэлжлүүлэн тэрбээр “Экспортын бүтээгдэхүүний санхүү татвар болон хууль эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх, уул уурхайн бус бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих замаар экспортыг төрөлжүүлэх, худалдааг хөнгөвчлөх гадаад зах зээлийг тэлэх зэрэг асуудалд анхаарна.  2019 оны байдлаар уул уурхайн бус бүтээгдэхүүний экспорт 823 сая ам.доллар буюу нийт экспортын 10.8 хувийг эзлэж байна.

Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортын хэмжээ сүүлийн таван жилд 40 орчим хувиар өссөн. Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортод ноос ноолуур, нэхмэл эдлэл, үндэсний болон хүнсний бэлэн бүтээгдэхүүн зонхилж байна. 2019 оны мах махан бүтээгдэхүүний экспортыг 2016 онтой харьцуулахад нийт хэмжээ 6.3 дахин, үнийн дүнгийн хувьд 7.5 дахин өсөж, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын өсөлтөд эерэг нөлөө үзүүллээ.  

Монгол Улсад олон улсын хуурай боомт байгуулах эрх зүйн үндсийг бүрдүүлэх зорилгоор НҮБ-ын хуурай боомтын засгийн газар хоорондын хэлэлцээрт нэгдэн орлоо.  Гадаад худалдааны мэдээллийн нэгдсэн санг ашиглалтад оруулаад байна. Гадаад худалдааны нэг цэгийн үйлчилгээ бий болгох ажлыг Азийн хөгжлийн сангийн дэмжлэгтэйгээр ГЕГ, болон холбогдох байгууллагын оролцоотойгоор хэрэгжүүлж байна.

Европын холбооны зах зээлд гаргахаар ажиллаж буй мал амьтан, ургамлын гаралтай 18 нэр төрлийн бүтээгдэхүүний жагсаалтыг Европын комисст хүргүүлж, зорилтот зах зээлийн стандартад нийцүүлэх зорилгоор эрүүл ахуй хорио, хорио цээрийн асуудлыг хэлэлцэх, Монгол Улс, Европын холбооны хамтын ажиллагааны бүтэц бий болгохоор тохиролцоод байна” гэдгийг онцолсон юм. 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/403093274288899