БНСУ-д гацсан монголчууд Сөүл хотын Консулын газрын үүдэнд өчигдрөөс эхлэн суулт зарлажээ.
Тодруулбал, цар тахлын улмаас БНСУ-аас эх орондоо ирэх боломжгүй болсон иргэд Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Сөүл дэх Консулын газрын үүдэнд 10 хоног жагссаны эцэст өчигдрөөс буюу 2021 оны нэгдүгээр сарын 13-ны өдрөөс суулт зарлаж эхэлсэн байна.
Тэдгээр иргэн тус улсад орох оронгүй, санхүүгийн боломжгүй, маш хүнд байдалтай байгаа тул нэгдүгээр сарын 20-ны өдрийн дотор ядаж нэр дурдсан иргэдэд онцгой анхаарч, яаралтай татаж авахыг УОК-оос хүсжээ.
Өмнө нь Элчин сайдын яамаар дамжуулан УОК-т нийт 10 удаагийн өргөдөл гаргаж, татаж авахыг хүссэн ч хариу огт өгөөгүй аж.
Тиймээс суулт хийхээд аргагүй байдалд хүрч, нэгдүгээр сарын 18-ны дотор УОК-оос албан бичгээр хариу мэдэгдэл өгөөгүй, эсвэл тавьсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж, өлсгөлөн зарлахаа мэдэгдэв.