Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудын 90 гаруй, дам хавьтлуудын 3-4 хувьд халдвар илэрч байна"

Г.Номин, iKon.mn
2021 оны 1 сарын 14
iKon.MN
Зураг зураг

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр албаныхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

- Коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэрсэн хүмүүст янз бүрийн шинж тэмдэг илэрч байгаа талаар гаднын судалгаанууд гарч байна. Манай улсын хувьд өвчлөөд эдгэрсэн хүмүүсээ хэрхэн хянаж байгаа вэ?

Д.Нарангэрэл: Коронавирусийн халдвараар өвчилсний дараа дахин халдвар авсан тохиолдлыг олон оронд судалж байна. БНХАУ-ын Ухань хотод 1,700 гаруй өвчтөнийг хамруулсан судалгаа хийхэд 6 сарын дотор өвчтөнд үс унах, ядрах, булчин сулрах, нойрондоо муу болох, зүрх дэлсэх зэрэг шинж тэмдэг илэрсэн байна. Энэ нь дахин халдвар авсны шинж тэмдэг биш бөгөөд эдгэрсний дараа өвчтөнд тодорхой хугацаагаар илэрч байгаа хам шинж гэж нэрлэж байгаа. Энэ шинж тэмдэгүүд хүн бүрд илрэхгүй бөгөөд өвчтөний нас, хэр хүнд өвчилсөн гэдгээс хамаарч өөр өөр байдлаар илэрч байгаа юм байна. Ерөнхийдөө эдгээр шинж тэмдэг 6 сарын дотор гарч байгаа ч цаашдаа хэр хугацаанд үргэлжлэхийг эрдэмтэд судалж байгаа. 

- БЗД-т Амгалан орчимд халдвар гарсан уу, өчигдөр орой эрүүл мэндийн баг тэнд ажилласан гэх иргэдийн мэдээлэл байна?

А.Амбасэлмаа: БЗД-ийн нутаг дэвсгэр Амгалангийн задгайд сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн учраас өчигдөр орой 22:00 цагт ХӨСҮТ-ийн шуурхай хариу арга хэмжээний баг очиж, сэжигтэй тохиолдлыг авчирч тусгаарласан. Шинжилгээ тандалт үргэлжилж байна. 

- Халдвартай тохиолдлуудын хавьтлуудаас ямар давтамжтай шинжилгээ авч байгаа вэ?

А.Амбасэлмаа: Хавьтлуудыг ойрын болон дам гэж үзээд тусгаарлан ажиглах байр болон гэрт нь тусгаарлаж байгаа. Ойрын хавьтлуудаас давтан шинжилгээ авдаг. Дам хавьтлуудыг гэрт нь 14 хоног тусгаарладаг бөгөөд тэр хугацаанд нь хоёр удаа шинжилгээ авч байгаа. 

Халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудын 90 гаруй хувьд халдвар илэрч байна. Дам хавьтал болсон хүмүүсийн 3-4 хувьд халдвар илэрч байгаа учраас гэрийн ажиглалтад байлгаж байгаа юм.

-БГД-ийн гурван хороонд илрүүлэг шинжилгээ хийсэн. Энэ хүрээнд хэдэн хүнээс халдвар илэрсэн бэ?

А.Амбасэлмаа: БГД-ийн 5, 6 дугаар хорооны 21 мянга гаруй иргэнийг шинжилгээнд хамруулж, 8 хүнээс халдвар илэрсэн. Энэ 8 хүн нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байсан. Бусад хүнээс халдвар илрээгүй гэж ойлгож болно.

ВИДЕО ҮЗЭХ: /2021.01.14/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/684420968899046
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.